Монтенегрогийн Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович есдүгээр сарын 8-10-нд Монгол Улсад төрийн айлчилна. Айлчлал хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм. Худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудал хэлэлцээний гол сэдэв болох хүлээлттэй байна.

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович есдүгээр сарын 8-10-нд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр товлогдлоо.
Энэ удаагийн айлчлал хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм.
Балканы бүс нутаг дахь Монтенегрогийн байр суурийг харгалзан үзвэл уг айлчлал хоёр талын харилцаанаас давсан улс төрийн болон дипломат ач холбогдол агуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович есдүгээр сарын 8-10-нд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Хоёр улс 2006 оны арваннэгдүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, дипломат түвшний харилцаагаа хадгалж ирсэн ч худалдаа, хөрөнгө оруулалт болон бусад салбарын хамтын ажиллагаа харьцангуй хязгаарлагдмал хэвээр иржээ.
Монтенегро 2006 онд тусгаар тогтнолоо зарласны дараахан Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон. Иймээс 20 жилийн ойн үеэр болж буй төрийн айлчлал нь өнгөрсөн харилцааг дүгнэхээс илүүтэй цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох боломж болж буй юм.
Монтенегро улсын газарзүйн байрлал нь тус улсын гадаад бодлогын онцлогийг тодорхойлдог. Адриатын тэнгисийн эрэгт, Балканы хойгийн баруун хэсэгт орших тус улс НАТО-гийн гишүүн бөгөөд Европын холбоонд элсэх үйл явцаа үргэлжлүүлж буй. Үүний зэрэгцээ Балканы бүс нутагт Серби, Орос болон Европын холбооны нөлөө огтлолцдог нь Монтенегрогийн гадаад харилцааг илүү өргөн хүрээнд авч үзэх шалтгаан болдог.
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн ахлах багш, доктор П.Мягмардоржийн тайлбарласнаар геополитикийн ийм орчинд байрлах улстай Монгол Улс харилцаагаа идэвхжүүлэх нь зөвхөн хоёр талын дипломат харилцаагаар хязгаарлагдахгүй. Балканы бүс нутагтай холбоо тогтоох, Европ дахь түншлэлийн хүрээг тэлэхэд ч тодорхой ач холбогдолтой.
Монгол Улсын хувьд гадаад харилцаагаа олон тулгуурт байлгах бодлогын хүрээнд Европын орнуудтай улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхол бий. Энэ утгаараа Монтенегротой харилцааг идэвхжүүлэх нь зах зээлийн хэмжээнээс илүүтэй Европ, Балканы бүс нутаг дахь дипломат болон эдийн засгийн холбоосоо төрөлжүүлэх ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцолж байна.
Тиймээс энэ удаагийн айлчлалын гол анхаарах зүйл нь ойн хүрээний бэлгэдлийн арга хэмжээнээс гадна хоёр тал ямар шинэ чиглэлд тохиролцох, цаашдын харилцааг бодит төсөл, хэлэлцээрээр хэрхэн баяжуулах вэ гэдэгт төвлөрнө гэсэн хүлээлттэй байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





