Нийслэлийн өвлийн бэлтгэл 95.1 хувьд хүрчээ: Төсвийн мөнгөөр такси худалдан авахгүй
Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах 573 арга хэмжээ төлөвлөснөөс хэрэгжилт 95.1 хувьд хүрснийг Улаанбаатар хотын ерөнхий менежер мэдээллээ.

Нийслэлийн өвлийн бэлтгэл ажлын хэрэгжилт 95.1 хувьд хүрснийг Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Мэндбаяр НИТХ-ын ээлжит IX хуралдааны үеэр танилцуулжээ. Энэ хүрээнд 573 арга хэмжээ төлөвлөснөөс салбар бүрийн бэлтгэл ажлын гүйцэтгэл харилцан адилгүй байна.
Тухайлбал, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын ажил 86.6, цэвэрлэгээ, засвар, нөхөн сэргээлт 96, үерийн далан, сувгийн цэвэрлэгээ, засвар шинэчлэл 84 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Харин боловсролын салбарын өвөлжилтийн бэлтгэл 98, эрүүл мэндийн салбарынх 93 хувьд хүрчээ.
Нийслэлийн 446 цэгээр түлш борлуулж, 5,000 өрхийг хийн хэрэглээнд шилжүүлжээ
Хуралдааны үеэр төлөөлөгчид сайжруулсан шахмал түлшний нөөц, борлуулалтын хүртээмжийн талаар тодруулсан байна.
Албаныхны мэдээлснээр нийслэлийн хэмжээнд 446 цэгээр түлш борлуулах бэлтгэл хангажээ. Мөн зүүн бүсийн үйлдвэр өдөрт 1,400 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд батлагдсан графикийн дагуу ажиллаж байгаа аж.
Энэ онд 5,000 өрх хийн түлшний хэрэглээнд шилжсэн бол агаарын чанарын үзүүлэлт өмнөх үетэй харьцуулахад 10–15 хувиар буурсан аж.
Томуу дэгдэх үеэр 1,600 гаруй ор нэмж бэлтгэв
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд 290 мянган хүүхдийг вакцинжуулсан байна. Мөн томуугийн улиралд эмнэлгийн ачаалал нэмэгдэх үед өвчтөнүүдийг коридорт хэвтүүлэхээс сэргийлэх зорилгоор 1,600 гаруй ор нэмж бэлтгэжээ. Өрхийн эрүүл мэндийн төвүүд арванхоёрдугаар сарыг дуустал уртасгасан цагаар ажиллахаар болсон байна.
Ачаалал ихтэй 13 чиглэлд 20 автобус нэмжээ
Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Г.Билгүүний мэдээлснээр нийслэлийн хэмжээнд одоогоор 1,173 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна.
Зорчигчдын ачаалал ихтэй 13 чиглэлд 20 автобус нэмж гаргасан бөгөөд цаашид ачаалал нэмэгдэж буй чиглэлүүдэд нөхцөл байдалтай уялдуулан автобусны гаралтыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Б.Пүрэвдагва: Төсвийн мөнгөөр такси худалдан авахгүй
Хуралдааны үеэр нийслэлийн такси үйлчилгээний хүртээмж, зохицуулалтыг мөн хөндсөн байна. Хотын дарга Б.Пүрэвдагва такси үйлчилгээтэй холбоотой иргэдийн гомдол, санал олон ирж байгааг онцолж, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран зохицуулалт хийх шаардлагатай гэж мэдэгдэв. Мөн такси үйлчилгээ эрхлэгч хувийн байгууллагуудтай хамтран бодлого боловсруулж, салбарын зохицуулалтыг сайжруулах байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Өнгөрсөн оны байдлаар Улаанбаатар хотод таван аж ахуйн нэгжийн 221 авто машин албан ёсны зөвшөөрөлтэй такси үйлчилгээ эрхэлж байжээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас төр, хувийн хэвшлийн түншлэлээр таван жилийн хугацаанд 2,000 авто машиныг такси үйлчилгээнд нэвтрүүлэх төслийг НИТХ-д танилцуулсан ч дэмжигдээгүй юм.
Уг төслийн анхны хөрөнгө оруулалтыг 77 тэрбум төгрөгөөр тооцож, 74 хувь буюу 57 тэрбум төгрөгийг хувийн хэвшлээс, үлдсэн 26 хувийг Нийслэлийн Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас хүүгүй санхүүжүүлэхээр төлөвлөж байжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





