Нийслэлийн зургаан төрлийн үйлчилгээний албан татварыг 2027 оноос нэг хувь болгон бууруулна
- Нийслэлийн ИТХ-ын ээлжит IX хуралдаанаар нийслэл хотын албан татварын хувь хэмжээг бууруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталжээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит есдүгээр хуралдаанаар нийслэл хотын албан татварын хувь хэмжээг бууруулах тухай тогтоолын төслийг баталжээ. Шийдвэрийн хүрээнд зургаан төрлийн үйлчилгээнд ногдуулдаг хоёр хувийн албан татварыг 50 хувиар бууруулж, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс нэг хувь болгохоор төлөвлөсөн байна.
Татварын хөнгөлөлтөд баар, ресторан, зочид буудал, амралтын газар, автомашин угаалгын газар, авто засвар үйлчилгээ хамрагдана.
Харин автомашин угаалгын үйлчилгээний хувьд усны хэрэглээнээс хамаарч татварын хувь хэмжээг ялгаатай тогтоохоор тусгажээ. Тодруулбал, саарал ус ашигладаг автомашин угаалгын үйлчилгээнд нэг хувь, цэвэр ус ашигладаг үйлчилгээнд хоёр хувийн албан татвар ногдуулна. Ингэснээр цэвэр ус ашигладаг автомашин угаалгын газруудын татварын хувь хэмжээ хэвээр үлдэх юм.
Нөгөө талаас бүх төрлийн тамхи, тэдгээрийн дагалдах хэрэгсэл болон согтууруулах ундаанд ногдуулж буй хоёр хувийн албан татварыг өөрчлөхгүй байхаар шийдвэрлэжээ.
Хотын дарга Б.Пүрэвдагвагийн мэдээлснээр цаашид дотоодод нэмүү өртөг шингээн үйлдвэрлэдэг тамхи, согтууруулах ундааны бүтээгдэхүүнд ногдуулах татварын хувь хэмжээг эргэн харахаар төлөвлөж байна. Гэхдээ энэ талаар одоогоор татварын хувь хэмжээг өөрчлөх тодорхой шийдвэр гараагүй байна.
Шинэ зохицуулалт хэрэгжсэнээр татварын хувь хэмжээ буурах үйлчилгээний байгууллагуудын татварын зардал багасах боломжтой. Харин үйлчилгээний үнэ буурах эсэх нь тухайн байгууллагуудын үнийн бодлогоос хамаарна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





