Панч сармагчин өөр нэг бяцхан моншийг асран хамгаалдаг болжээ
- Японы амьтны хүрээлэнд зөөлөн тоглоом тэвэрч буй дүрсээрээ цахим орчинд танигдсан Панч нэртэй сармагчин өөрөөсөө жижиг сармагчинтай ойр дотно харилцаж буй зураг олны анхаарлыг татжээ.

Японы амьтны хүрээлэнд зөөлөн тоглоом тэвэрч буй дүрсээрээ олны танил болсон Панч нэртэй сармагчин дахин цахим орчны анхаарлын төвд оржээ. Энэ удаад түүнийг өөрөөсөө жижиг сармагчинтай хамт байгаа зураг олон нийтийн сүлжээнд түгээж, хэрэглэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн байна.
Instagram-ийн “memezar” хуудаст нийтэлсэн зурагт Панч хашааны ирмэг дээр сууж, нэгэн жижиг монш түүний нуруун дээр тухалж байгаа байдалтай харагдана. Уг нийтлэлд Панч өмнө нь бусдаас тайтгарал эрэлхийлж байсан бол одоо өөр нэгэн сармагчинд түшиг болж буйг онцолжээ.
Панч өмнө нь орангутан дүрстэй зөөлөн тоглоом тэвэрч буй зургаараа цахим орчинд танигдсан юм. Түүний түүх олон нийтийн анхаарлыг татсан гол шалтгаан нь эхээсээ тусгаарлагдсан бяцхан сармагчин зөөлөн тоглоомоос тайтгарал авч буй дүр зураг байв.
Харин шинэ зураг нь Панч бусад сармагчинтай ойртож, нийгмийн харилцаанд оролцож буйг харуулж байгаа нь түүний өмнөх дүр зурагтай харьцуулахад сонирхолтой өөрчлөлт болжээ.
Панч 2025 оны долоодугаар сарын 26-нд төрсөн бөгөөд төрснийхөө дараа эхдээ гологдож, амьтны хүрээлэнгийн ажилтнуудын асаргаанд өсжээ. Түүнд орангутан дүрстэй зөөлөн тоглоом өгсөн нь зөвхөн тайтгаруулах бус, сармагчны зулзага эхээсээ зуурч биеийн булчингаа хөгжүүлдэг төрөлхийн үйлдлийг орлуулах зорилготой байсныг Reuters мэдээлсэн юм.
2026 оны нэгдүгээр сард Панчийг 50 орчим сармагчинтай сүрэгт нэгтгэсэн бөгөөд эхэндээ бусадтай харилцахад хүндрэлтэй байсан ч аажмаар дасаж эхэлжээ. Гуравдугаар сард амьтны хүрээлэнгийн удирдлагууд түүнийг зөөлөн тоглоомоосоо бага хамааралтай болж, бусад сармагчинтай тоглож эхэлснийг мэдээлсэн байна.
Улмаар долоодугаар сард нэг нас хүрэхэд нь дэлхийн өнцөг булан бүрээс 2,500 орчим төрсөн өдрийн мэндчилгээ ирүүлжээ. Тухайн үед Панч сүрэгтээ дасан зохицож, зөөлөн тоглоомоосоо бараг хамаарахаа больсныг амьтны хүрээлэнгийн зүгээс мэдээлсэн байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





