“Rio Tinto” гүйцэтгэх захирлынхаа жилийн зорилтот цалин, урамшууллыг 56%-аар өсгөж, $13 саяд хүргэх санал гаргажээ
“Rio Tinto” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл гүйцэтгэх захирал Саймон Троттын жилийн зорилтот цалин, урамшууллын багцыг 56 хувиар нэмэгдүүлж, 9.8 сая фунт стерлинг буюу 13.06 сая ам.

Дэлхийн хоёр дахь том, биржид бүртгэлтэй уул уурхайн компани “Rio Tinto” гүйцэтгэх захирал Саймон Троттын жилийн зорилтот цалин, урамшууллын багцыг 56 хувиар нэмэгдүүлж, 9.8 сая фунт стерлинг буюу 13.06 сая ам.долларт хүргэх санал боловсруулжээ. Төлөөлөн удирдах зөвлөлийн уг саналыг хэлэлцүүлгийн талаар мэдээлэлтэй дөрвөн эх сурвалж болон “Reuters” агентлагийн танилцсан баримт бичгүүдэд үндэслэн мэдээлж байна.
Шинэ тогтолцооны дагуу Троттын авах боломжтой жилийн дээд цалин, урамшууллын хэмжээ 63 хувиар өсч, 18.3 сая фунт стерлингт хүрэхээр байгаа аж. Харин түүний үндсэн цалинг өөрчлөхгүй бөгөөд нэмэгдэл нь компанийн олон жилийн үйл ажиллагааны үр дүн, хувьцаа эзэмшигчдийн өгөөжтэй уялдсан урамшуулалд төвлөрөх юм.
“Rio Tinto”-ийн цалин, урамшууллын хорооны дарга Бен Уайаттын тайлбарласнаар уг өөрчлөлт нь компанийн урт хугацааны стратегийг хэрэгжүүлэх, бизнесийн үр дүнг сайжруулах, мөн олон улсын зах зээлд чадварлаг удирдах ажилтнуудыг татах, тогтоон барих зорилготой ажээ.
Саймон Тротт 2025 оны долдугаар сард “Rio Tinto”-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон ба компанийн суурь ашиг энэ оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 43 хувиар өссөн байна. Мөн тэрбээр компанийн бүтцийн өөрчлөлт, хөрөнгийн борлуулалтын ажлыг хэрэгжүүлж байгаа юм.
Гүйцэтгэлд суурилсан урамшууллын дээд хэмжээ нэмэгдэнэ
“Reuters”-ийн танилцсан баримт бичгүүдээс үзвэл “Rio Tinto” гүйцэтгэх захирлын богино хугацааны урамшууллын дээд хэмжээг үндсэн цалингийн 200 хувиас 300 хувь, урт хугацааны урамшууллын дээд хэмжээг 500 хувиас 900 хувь болгон нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх захирлын орлогын илүү том хэсгийг компанийн гүйцэтгэл болон хувьцаа эзэмшигчдэд бий болгосон өгөөжөөс хамааруулах юм. Санал болгосон шинэ багц нь Троттын дараагийн гурван жилийн цалин, урамшуулалд хамаарах бөгөөд хэрэгжүүлэхийн тулд ирэх жилийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар зөвшөөрөл авах шаардлагатай.
Түүнчлэн “Rio Tinto” удирдах ажилтнуудын цалин, урамшууллыг харьцуулан тогтоодог компаниудын жагсаалтаа өргөжүүлжээ. Уг жагсаалтад АНУ-ын эрчим хүчний “Chevron”, “ExxonMobil”, агаарын тээврийн хөдөлгүүр үйлдвэрлэгч “GE Aerospace” зэрэг компаниудыг нэмж оруулсан байна.
Шинэ санал батлагдвал Троттын авах боломжтой дээд багц нь харьцуулалж буй нийт 19 компанийн удирдлагуудын цалин, урамшууллын медианаас ялимгүй доогуур байх аж.
Холбоотой мэдээ





