Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг байгуулна
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангаж буй эсэхэд хяналт шалгалт хийх Ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг дэмжлээ.

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр хуралдаж, баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэлэлцлээ. Хуралдаанаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, хяналт шалгалт явуулах, санал, дүгнэлт боловсруулах, шаардлагатай бол УИХ-ын шийдвэрийн төсөл бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсэг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг олонхын саналаар баталжээ.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Энхболдын мэдээлснээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болон шүүхийн шийдвэргүй баривчлахтай холбоотойгоор ХЭҮК-т 2024 онд 360, 2025 онд 407, 2026 онд 303 гомдол ирсэн байгаа нь нийт гомдол, мэдээллийн 27.6 хувийг эзэлж буй аж.
Иргэдээс цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцоогүй гэх гомдол түгээмэл ирдэг байна. Мөн өмгөөлөгчдийн зүгээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа талуудын мэтгэлцэх зарчмыг хангалттай хэрэгжүүлдэггүй гэж үздэгийг ХЭҮК-ын төлөөлөл дурджээ.
Түүнчлэн хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчлагдсан иргэдийн өмгөөлөгч авах эрх хангалтгүй байгааг онцолж, шүүгчийн захирамжид цагдан хорих болон хугацааг сунгах болсон үндэслэлийг тодорхой тусгах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
УИХ-ын Тамгын газрын Хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийн үнэлгээний газрын референтийн танилцуулснаар баривчлах, цагдан хорих хойшлуулшгүй ажиллагаатай холбоотой УИХ-ын таван тогтоолын 12 заалтад хийсэн дүн шинжилгээгээр хэрэгжилт 75 хувьтай гарчээ.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2024, 2025 онд өөрчлөлт оруулснаас хойш хэрэгжилтийн үнэлгээ хийгдээгүйг Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөл мэдээлсэн байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүн хуулийн хэрэгжилтийг улирал тутам мэдээлж, хагас жил тутам хэлэлцэх шаардлагатайг сануулжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдээлснээр аравдугаар сарын 28-ны байдлаар 3,350 гаруй хүн цагдан хоригдож байгаа аж. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас хохирсон гэх таван хэрэг хяналтад байгааг мэдээлэв.
Улсын ерөнхий прокурорын газраас 2019–2025 онд сэжигтнийг шүүхийн шийдвэргүй баривчлах тохиолдол цөөрснийг онцолсон бол 2026 оны эхний гурван улиралд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой 246 гомдол иржээ.
Хуралдааны үеэр Хүний эрхийн дэд хорооноос хууль зүйн туслалцаа авах боломж, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол барагдуулах ажиллагаа болон долоо хоногийн баасан гарагт баривчилгаа явуулдаг практикийг зогсоосон эсэхийг тодруулсан байна.
Хууль зүйн туслалцааны төв жилд 2,700–3,000 орчим эрүүгийн хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг аж. Харин ХЭҮК 2022 оноос хойш хохирол барагдуулахтай холбоотой 42 төлөөлөн нэхэмжлэл гаргаснаас 31-ийг нь шүүх хангаж шийдвэрлэжээ.
Ийнхүү хуралдаанаар байгууллагуудын мэдээллийг сонсохоос гадна баривчлах, цагдан хорих ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг тусгайлан шалгах Ажлын хэсэг байгуулах шийдвэрийн төслийг дэмжсэн байна.
Холбоотой мэдээ





