Ш.Энхийн-Од Хөгжлийн лигийг ялалтаар эхэллээ
Монголын сагсан бөмбөгч Ш.Энхийн-Од NBA-ийн Хөгжлийн лигийн “Осиола Мэжик” багийн улирлын эхний тоглолтод оролцож, 5 оноо, 4 самбараас бөмбөг авалт, 2 оновчтой дамжуулалт гүйцэтгэжээ.

Ш.Энхийн-Од АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) Хөгжлийн лигийн 2026–2027 оны улирлын эхний тоглолтыг ялалтаар эхэллээ. Түүний харьяалагддаг “Осиола Мэжик” баг арваннэгдүгээр сарын 8-нд талбайдаа “Оклахома Сити Блю”-г хүлээн авч, 97:89-аар хожжээ. Ш.Энхийн-Од сэлгээнээс талбайд гарч, 23 минут тоглохдоо 5 оноо авч, самбараас 4 бөмбөг аван, 2 оновчтой дамжуулалт өгчээ. Мөн хамгаалалтад 2 удаа бөмбөг тасалж, өрсөлдөгчийн нэг шидэлтийг хаасан байна.
Тэрбээр тоглолтын үеэр нийт зургаан удаа шидэлт гүйцэтгэснээс хоёрыг нь амжилттай болгож, гурван онооны таван шидэлтийнхээ нэгийг оруулжээ.
“Осиола Мэжик” 23 удаа бөмбөг тасалж, хамгаалалтаараа ялалт байгуулжээ
Тоглолтын эхний үед “Оклахома Сити Блю” 31:22-оор тэргүүлсэн ч талбайн эзэд хоёрдугаар үед онооны зөрүүг багасгаж, эхний хагасыг 43:44-өөр өндөрлүүлсэн байна.
Гуравдугаар үеийн дараа хоёр баг 70:70-аар тэнцсэн бол шийдвэрлэх дөрөвдүгээр үед “Осиола Мэжик” 27 оноо авч, өрсөлдөгчдөө 19 оноо алдан ялалт байгуулжээ.
Талбайн эзэд тоглолтын турш 23 удаа бөмбөг тасалсан нь багийн дээд амжилт болсон байна. “Осиола Мэжик”-ээс Жэй Ди Дэвисон 26 оноогоор багаа тэргүүлсэн бол Малаки Бранхам 23, Жонелл Дэвис 11 оноо авчээ.
Түүнчлэн Жонелл Дэвис зургаан удаа бөмбөг тасалж, хамгаалалтад онцгой үүрэг гүйцэтгэсэн байна.
Шинэ ахлах дасгалжуулагчийн анхны ялалт
Энэ тоглолт “Осиола Мэжик”-ийн шинэ ахлах дасгалжуулагч Ронни Барреллийн хувьд багийг удирдсан анхны албан ёсны тоглолт байв. Багийнхан ялалтын дараа түүнд ахлах дасгалжуулагчийн хувиар анхны хожлоо байгуулсанд нь баяр хүргэж, тоглолтын бөмбөгийг дурсгал болгон гардуулжээ.
Өдгөө 43 настай Ронни Баррелл өмнө нь NBA-ийн “Брүклин Нэтс” болон “Портлэнд Трэйл Блэйзерс” багуудад туслах дасгалжуулагчаар ажиллаж байжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





