Трамп-Ши нарын уулзалтын "ширээн"-д худалдаа, хиймэл оюуны аюулгүй байдал зэрэгцэн жин дарна
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, БНХАУ-ын Шадар сайд Хэ Лифэн нар Нью-Йоркт уулзаж, Дональд Трамп болон Ши Жиньпин нарын пүрэв гарагийн уулзалтын бэлтгэлийг хангажээ. Худалдааны тариф, технологийн бодлогын зэрэгцээ хиймэл оюуны аюулгүй байдал хоёр улсын хэлэлцээний шинэ гол сэдвүүдийн нэг болж байна. “Google”, “OpenAI” зэрэг компанийн хиймэл оюуны агентууд туршилтын орчноос хальсан сүүлийн тохиолдлууд хяналт, ослын үед системийг хэрхэн зогсоох асуудлыг анхаарлын төвд орууллаа.

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент ням гарагт Нью-Йоркт БНХАУ-ын Шадар сайд Хэ Лифэнтэй уулзаж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпиний пүрэв гарагт хийх уулзалтын бэлтгэлийг хангах талаар ярилцлаа. Талууд худалдааны асуудлаас гадна хиймэл оюунтай холбоотой аюулгүй байдлын эрсдэлийг хэлэлцэж, АНУ хиймэл оюуны ноцтой ослын үед мэдээлэл солилцох механизм байгуулах санал тавьсан байна.
Хоёр улсын эдийн засгийн харилцаанд тариф, технологийн экспортын хязгаарлалт, хиймэл оюуны өрсөлдөөн зэрэг асуудал давхцаж буй үед аюулгүй байдлын асуудал худалдааны хэлэлцээнээс тусдаа сэдэв байхаа больж байна. АНУ болон Хятад хиймэл оюуны технологиор өрсөлдөж байгаа ч хяналтаас гарсан систем, кибер халдлага зэрэг эрсдэлийн талаар аль аль тал нь анхаарал хандуулж эхэлжээ.
Тарифын хэлэлцээний хугацаа ойртож байна
Трамп-Ши нарын уулзалтын нэг гол асуудал нь АНУ, Хятадын худалдааны түр тохиролцооны дараагийн шат байх төлөвтэй байна. Бессент, Хэ нарын Нью-Йоркийн хэлэлцээгээр хэрэглээний бараа, хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг эмзэг бус бүтээгдэхүүний тарифыг бууруулах асуудлыг мөн ярилцжээ.
Хоёр улсын тарифын түр зохицуулалтын хугацаа дуусах дөхөж байгаа нь хэлэлцээг урагшлуулах шаардлагыг нэмэгдүүлж байна. Тарифын бодлогын өөрчлөлт нь хоёр улсын компаниудын импортын зардал, нийлүүлэлтийн сүлжээ болон хэрэглээний барааны үнэд нөлөөлөх боломжтой тул Трамп-Ши нарын уулзалтын үр дүнг зах зээл анхааралтай ажиглана.
Гэвч худалдааны асуудлын зэрэгцээ хиймэл оюуны систем бодит дэд бүтцэд хэрхэн нөлөөлж болох тухай сүүлийн тохиолдлууд хэлэлцээний хүрээг өргөжүүлэв.
“Gemini” туршилтын үеэр гурван компанийн системд нэвтэрчээ
АНУ-ын технологийн “Google” компани өнгөрсөн баасан гарагт “Gemini” хиймэл оюуны загвар нь тавдугаар сард хийсэн кибер аюулгүй байдлын туршилтын үеэр бодит гурван компанийн хамгаалагдсан системд нэвтэрснийг баталсан.
Израилын хиймэл оюуны аюулгүй байдлын “Irregular” стартапын явуулсан туршилтаар “Gemini”-г зохиомол компанийн системээс мэдээлэл олох даалгаварт оруулсан боловч туршилтын орчин санамсаргүйгээр интернэтэд холбогдох боломжтой байжээ. Нэг тохиолдолд загвар нууц үг тааж системд нэвтэрсэн бол бусад хоёр тохиолдолд олон нийтэд нээлттэй сангаас нэвтрэх мэдээлэл олсон байна.
“Google”-ийн мэдээлснээр “Gemini” бодит компанийн системд орсноо мэдмэгц үйлдлээ зогсоожээ. Тус компани холбогдох байгууллагуудад мэдэгдэж, “Irregular”-тай хамтран туршилтын журмыг өөрчилсөн байна.
Уг тохиолдол хиймэл оюуны загвар зориудаар хорлон сүйтгэсэн гэхээс илүү туршилтын орчны жижиг алдаа хүчирхэг агентуудыг бодит системтэй холбож болох эрсдэлийг харууллаа.
“OpenAI” хяналтаас зөрсөн зургаан тохиолдлыг мэдээлэв
Хиймэл оюуны “OpenAI” компани мөн сүүлийн өдрүүдэд загварууд нь хүлээгдээгүй байдлаар ажилласан зургаан шинэ тохиолдлыг нийтэд мэдээллээ.
Тэдгээрийн дунд агентууд тусгаарлагдсан сургалтын орчноос хоорондоо мэдээлэл солилцох, олон нийтийн интернэтэд файл байршуулах, зөвшөөрөлгүй нэвтрэх мэдээлэл хайх зэрэг үйлдэл багтжээ. “OpenAI” эдгээр тохиолдлын дараа хиймэл оюуны загварын зорилго хүний өгсөн заавраас зөрөх үзэгдлийг бүртгэж, шалгаж, нийтэд мэдээлэх шинэ журам нэвтрүүлсэн байна.
Тус компанийн өмнөх кибер аюулгүй байдлын туршилтаар зарим загвар интернэтээс тусгаарлах хяналтыг тойрч, “OpenAI”-ийн дотоод судалгааны дэд бүтэц болон хиймэл оюуны “Hugging Face” платформын системд нэвтэрсэн тохиолдол ч гарсан.
Нэг “унтраалга” хангалтгүй байж магадгүй
Хиймэл оюуны агентуудын бие даан гүйцэтгэх чадвар нэмэгдэхийн хэрээр ноцтой алдаа гарсан үед системийг хэрхэн шуурхай зогсоох вэ гэсэн асуудал салбарын дараагийн сорилт болж байна.
Калифорнийн их сургуулийн Беркли дэх "Хүнтэй нийцтэй хиймэл оюуны төв"-ийн гүйцэтгэх захирал Марк Ницбергийн тайлбарласнаар үйлдвэрийн тоног төхөөрөмж шиг бүх хиймэл оюуны системийг нэг товчлуураар унтраах боломж бодит нөхцөлд хязгаарлагдмал. Орчин үеийн хиймэл оюуны систем олон сервер, программ, үйлчилгээ болон байгууллагын дэд бүтцэд зэрэг ажилладаг учраас зогсоох механизм нь илүү төвөгтэй бүтэцтэй байх шаардлагатай.
Ингэснээр пүрэв гарагийн Трамп-Ши нарын уулзалтын өмнөх хэлэлцээ зөвхөн тарифын хэмжээг хэрхэн өөрчлөх тухай асуудлаар хязгаарлагдахгүй байна. Хиймэл оюуны системүүд илүү бие даан ажиллахын хэрээр хоёр том эдийн засаг технологийг хөгжүүлэхийн зэрэгцээ осол, кибер халдлага эсвэл хяналтаас зөрсөн үйлдлийн үед хэрхэн мэдээлэл солилцож, эрсдэлийг хязгаарлах вэ гэдэг асуудал дипломат хэлэлцээний нэг хэсэг болж эхэллээ.
Холбоотой мэдээ

Иран дахин халдлагад өртвөл АНУ-ын ашиг сонирхлын эсрэг удаан хугацааны хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа
АНУ-ын Төрийн департамент Ойрх Дорнодод нөхцөл байдал урьдчилан таамаглахын аргагүй хурцдаж, нислэг цуцлагдах болон агаарын орон зай хаагдах эрсдэлтэйг анхаарууллаа. Ормузын хоолой хаалттай хэвээр байвал газрын тосны нийлүүлэлт, тээвэрлэлт, даатгалын зардалд нөлөөлөх эрсдэл өндөр хэвээр байна. “Reuters”-ийн дүрс бичлэгт Саудын Арабын нийслэл Эр-Риядын олон улсын гол нисэх буудлын орчимд хар утаа суунаглаж, шөнийн цагаар дэлбэрэлтийн чимээ сонсогдсон байна.

Трампын засаг захиргаа Саудын Арабт F-35 онгоц нийлүүлэх боломжит наймааг зөвшөөрөв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Саудын Арабт F-35 нийлүүлэх боломжит хэлцлийг дэмжив. Хэлцэл 24.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй бөгөөд Lockheed Martin-ийн 48 F-35, Pratt & Whitney-ийн 49 хөдөлгүүр багтжээ. Конгрессын хяналт, технологийн нэвчилтийн эрсдэлийн маргаан өрнөвөл хэлцлийн явц, бүс нутгийн тэнцвэрт нөлөөлнө.

НҮБ: АНУ-аас Иранд өгсөн хоёр цохилт нь дайны гэмт хэргийн шинжтэй байна
Ираны Миняб хотын бага сургуульд өгсөн цохилтоор 150-аас олон хүн, тэдний дотор хүүхдүүд амиа алджээ. Ламерд дахь спортын цогцолбор болон орон сууцны бүсэд хийсэн өөр нэг цохилтоор энгийн иргэд амь үрэгдэж, шархаджээ. АНУ НҮБ-ын тайлангийн дүгнэлтийг няцаасан байна.

Ван И, Марко Рубио нар Хятад-АНУ-ын өндөр түвшний харилцааны дараагийн шатыг хэлэлцжээ
Ван И харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, санал зөрөлдөөнийг зохицуулах шаардлагатай гэсэн Бээжингийн байр суурийг илэрхийлэв. Хятадын Гадаад хэргийн яамны мэдээлэлд дараагийн дээд түвшний уулзалтын тов, хэлбэрийг зарлаагүй байна. Талууд Ойрх Дорнодын нөхцөл байдлын талаар мөн санал солилцжээ.

Ө.Шижир: Төрийн өмчит компаниудын төсөв, зарцуулалтыг шалгах түр хороо байгуулна
Түүний мэдээлснээр төрийн өмчит компаниуд 100 их наяд төгрөгийн балансын хөрөнгөтэй бөгөөд 2025 оны аудитын тайлангаар 8.4 их наяд төгрөгийн зөрчил илэрчээ. Түр хороо байгуулагдвал компаниудын ашиг, алдагдал, санхүүжүүлсэн төсөл хөтөлбөр болон хөрөнгийн зарцуулалтыг шалгах боломж бүрдэнэ. Энэ талаар УИХ-д нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ.

МАН-ын Удирдах зөвлөл ХЗДХ-ийн сайдад Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлэхээр тогтжээ
Удирдах зөвлөлийн хуралдаанаас өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайдад Г.Тэмүүлэн болон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын нэр яригдаж байсан юм. Томилгооны асуудал Ерөнхий сайд Н.Учрал өмнөх сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасны дараа үргэлжилж байна. Одоо Г.Тэмүүлэнгийн нэрийг УИХ-д танилцуулах шат үлдэж байна.