АНУ, Ираны хооронд дахин дайн дэгдэх эрсдэл Ойрх Дорнодын оршин суугчдыг түгшээж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп завсрын сонгуулиас өмнө Иранд цохилт өгөхгүй гэдгээ мэдэгдсэн ч сонгуулийн дараа цэргийн ажиллагаа үргэлжлэх эсэхийг тодорхой тайлбарлаагүй байна.

АНУ болон Ираны хооронд цэргийн мөргөлдөөн дахин гарч болзошгүй гэсэн болгоомжлол Ойрх Дорнодын орнуудад нэмэгдэж байна. Вашингтон цэргийн ажиллагааны дараагийн алхмаа тодорхой мэдээлэхгүй байгаа бол Тегеран шинэ халдлагад илүү өргөн хүрээнд хариу цохилт өгөхөө анхааруулжээ. Үүний улмаас Персийн булангийн орнуудад амьдарч, ажилладаг иргэд аюулгүй байдал, нислэгийн хуваарь болон өдөр тутмын амьдралд дахин саатал үүсэх эсэхэд санаа зовниж байна. CNN агентлагийн мэдээлснээр, АНУ, Израил хоёрдугаар сард Иранд цохилт өгснөөр эхэлсэн мөргөлдөөн найм дахь сардаа үргэлжилж байгаа бөгөөд талууд дипломат болон цэргийн аль ч чиглэлд шийдвэрлэх ахиц гаргаагүй байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп завсрын сонгуулиас өмнө Иранд ямарваа нэг цохилт өгөхгүй гэдгээ амалсан ч сонгуулийн дараа цэргийн ажиллагаа үргэлжлэх эсэхийг нээлттэй үлдээжээ. Тэрбээр мөн энэ талаар Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай утсаар ярьсан ч хэлэлцсэн асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Иран бүс нутгийн дэд бүтцэд цохилт өгөхөө анхаарууллаа Ираны цэргийн удирдлагууд сүүлийн нэг сарын хугацаанд шинэ зэвсгийн нөөц бүрдүүлсэн тухайгаа удаа дараа мэдэгдэж буй. Тодруулбал Тегеран дахь аюулгүй байдлын өндөр албан тушаалтан CNN-д өгсөн ярилцлагадаа мөргөлдөөн дахин эхэлбэл Иран газрын тосны байгууламжаар хязгаарлагдахгүй, хиймэл оюунтай холбоотой дэд бүтцийг ч онилж болзошгүй гэж анхааруулсан байна. Мөн Ираны дээд удирдагч Можтаба Хаменеи шинэ аюул заналд газар зүйн хязгаарлалтгүйгээр хариу өгөхийг үүрэг болгожээ. Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн Ойрх Дорнодын бодлого хариуцсан ахлах судлаач Хасан аль-Хасан Вашингтоны удаа дараагийн анхааруулга бүс нутгийн түгшүүрийг нэмэгдүүлж байгаа бөгөөд дипломат шахалт, бодит цэргийн бэлтгэлийг ялгахад улам хүндрэлтэй болсныг тайлбарлажээ.
Нислэг, сургууль, бизнесийн үйл ажиллагаа тасалдах эрсдэл нэмэгджээ Ираны өмнөх пуужин болон дроны цохилтууд Персийн булангийн орнуудын сургууль, нислэг, бизнесийн үйл ажиллагаанд саатал учруулж, хүний амь эрсдэхэд хүргэсэн. Саудын Арабт Ирантай холбоотон Хусит босогчдын халдлага эрчимжсэнтэй холбоотойгоор томоохон арга хэмжээнүүдийг цуцалж, зарим байгууллага ажилтнуудаа зайнаас ажиллуулах болжээ. Мөн зарим сургууль цахим сургалтад шилжсэн байна. Түүнчлэн Абу Дабид зохион байгуулагдах газрын тосны салбарын олон улсын томоохон хуралд АНУ-ын хоёр компани аюулгүй байдлын шалтгаанаар удирдлагуудаа оролцуулах төлөвлөгөөгөө цуцалсныг “Reuters” агентлаг мэдээлжээ. Гэсэн хэдий ч зохион байгуулагчдын мэдээлснээр, уг арга хэмжээ төлөвлөсөн хугацаандаа болж, АНУ-ын 120 гаруй компани оролцохоор байна. Хуралд нийт 240,000 орчим хүн оролцоно гэж тооцоолжээ.
Дипломат хэлэлцээ үргэлжилж байгаа ч гол зөрчил шийдэгдээгүй байна Цэргийн мөргөлдөөн дахин эхлэх эрсдэл нэмэгдсэн энэ үед АНУ, Ираны хооронд шууд болон зуучлагчаар дамжсан хэлэлцээ үргэлжилж байна. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс Ираны аюулгүй байдлын өндөр албан тушаалтан Мохсен Резайид нөхцөл байдлын талаар захидал илгээсэн тухай Ираны хэвлэлүүд мэдээлжээ. Үүний зэрэгцээ Ираны төлөөлөгчид Катарт хэлэлцээ хийж байгаа ч бямба гарагийн байдлаар АНУ-ын төлөөлөгчид үүнд оролцоогүй гэж Катарын албан тушаалтан мэдэгдсэн байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио дипломат шийдэлд хүрэх боломжийг үгүйсгээгүй ч аливаа тохиролцоо Вашингтоны үндэсний аюулгүй байдлын шаардлага, ялангуяа Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой гол асуудлыг шийдвэрлэх ёстойг онцолжээ. Харин Ираны парламентын дарга Мохаммад Багер Галибаф зуучлагчдад хүргүүлсэн долоон нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л хэлэлцээ ахиц гаргана гэж мэдэгдсэн байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





