Арваннэгдүгээр сарын 7-ноос нийслэлийн зарим эмнэлэг уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн зарим эрүүл мэндийн байгууллага арваннэгдүгээр сарын 7-ноос уртасгасан цагаар ажиллаж эхэлнэ.

Томуу, томуу төст өвчний идэвхжил нэмэгдэж, хүүхдийн тусламж, үйлчилгээний ачаалал өсөж байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас зарим эмнэлгийн ажиллах цагийг уртасгахаар төлөвлөжээ. Уг зохицуулалт арваннэгдүгээр сарын 7-ны бямба гарагаас хэрэгжиж эхлэхээр байна.
Шинэ хуваарийн дагуу нийслэлийн зарим эрүүл мэндийн байгууллага даваагаас баасан гарагт 20:00 цаг хүртэл, бямба, ням гарагт 11:00–17:00 цагийн хооронд, бүх нийтийн амралтын өдрүүдэд 16:00 цаг хүртэл ажиллана.
Ингэхдээ нийслэлийн есөн дүүргийн хороодыг бүсчлэн хувааж, тухайн бүсийн иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг гаргажээ.
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр түргэн тусламжийн дуудлага 2,249-д хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 56.72 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн нийслэлийн харьяа эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн тоо 764-өөс 877 болж, 14.79 хувиар нэмэгджээ.
Сүүлийн гурван жилийн тандалт судалгаагаар улсын хэмжээнд томуугийн дэгдэлт арваннэгдүгээр сарын 19–24-ний орчимд оргил үедээ хүрч байсан аж. Иймд 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлын хүрээнд эмнэлгүүдийн ажиллах цагийг уртасгаж, амралтын өдрүүдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





