Нөмрөгийн түймрийн үр дагаврыг олон улсын түвшинд хэлэлцүүлнэ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Япон Улсын Элчин сайдтай уулзаж, Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн экологийн хохирлыг үнэлэх, нөхөн сэргээх асуудлаар санал солилцлоо.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам арваннэгдүгээр сарын 6-нд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзан, Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн экологийн үр дагаврыг үнэлэх, байгалийн экосистемийг нөхөн сэргээх чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хэлэлцжээ.
Талуудын гурав дахь удаагийн уулзалтын үеэр Элчин сайд Игавахара Масарү түймрийн дараах нөхцөл байдлыг үнэлж, байгаль орчны нөхөн сэргээлтэд шаардлагатай дэмжлэгийг тодорхойлох чиглэлээр хамтран ажиллахад анхаарч байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн экосистемийн сэргэн ургалт, нөхөн сэргээлтэд бүх талаар дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ.
Салбарын сайдын мэдээлснээр, Монгол Улсын Засгийн газар Нөмрөгийн дархан цаазат газарт үүссэн нөхцөл байдлыг анхааралдаа авч, Засгийн газрын хуралдаан бүрээр хэлэлцэн шаардлагатай шийдвэрүүдийг гаргаж байгаа аж.
Мөн түймрийн экологийн үр дагаврыг олон улсын түвшинд хэлэлцүүлж, ОХУ, БНХАУ, Чех Улсын төлөөлөлтэй уулзсаны үр дүнд гадаадын эрдэмтэн, судлаачдаас мэргэжлийн дэмжлэг авах чиглэлээр тохиролцоонд хүрсэн байна.
Уулзалтаар цаашид ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймэрт шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэх, орон нутгийн хамгаалалтын байгууллагуудыг шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах, зам харилцааны хүртээмжийг сайжруулах хэрэгцээг онцолжээ.
Харин Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн шалтгаан, нөхцөлтэй холбоотой хэргийг хууль хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





