Австралийн Нөөцийн банк бодлогын хүүгээ 4.6 хувьд хүргэж, 15 жилийн дээд түвшинд тогтоов
Инфляц таамгаас өндөр гарч, Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс шалтгаалан дэлхийн эрчим хүчний үнэ өссөн нь мөнгөний бодлогыг чангатгах гол шалтгаан болов.

Австралийн нөөцийн банк мягмар гарагт бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр нэмэгдүүлж, 4.6 хувьд хүргэлээ. Ингэснээр бодлогын хүү 15 жилийн дээд түвшинд хүрч, «Reuters» агентлагийн санал асуулгад оролцсон эдийн засагчдын таамагтай нийцэв.
Төв банк энэ онд бодлогын хүүгээ дөрвөн удаагийн шийдвэрээр нийт 100 суурь нэгжээр өсгөөд байна. Уг шийдвэрийн дараа Австралийн хөрөнгийн зах зээлийн S&P/ASX 200 индекс болон австрали долларын ханшид мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй байна. Хүүг дахин өсгөхөд инфляцын өсөх эрсдэл голлон нөлөөлжээ. Төв банк наймдугаар сарын хурлаар анхааруулж байсан зарим эрсдэл бодитоор илэрч эхэлснийг онцлов.
Ялангуяа Ойрх Дорнодын мөргөлдөөн өргөжиж, дэлхийн эрчим хүчний үнэ өмнөх төсөөллөөс хавьгүй өндөр түвшинд хүрснийг мэдэгдэлдээ дурджээ.
Австралийн инфляц 2-оос 3 хувийн зорилтот түвшнээс өндөр хэвээр байна. Инфляц гуравдугаар сард 4.6 хувьд хүрсэн бол долоодугаар сард 3.5-аас ч дээшилж, зах зээлийн таамгийг давжээ. Үнийн өсөлт хүлээлтээс удаан саарч байгаа тул инфляцын хүлээлтийг тогтвортой барих шаардлага нэмэгдэж буйг төв банк онцолж, шаардлагатай арга хэмжээг үргэлжлүүлэн авахаа мэдэгдэв.
АНУ-ын "Bank of America"-ийн шинжээчид инфляц зорилтот түвшин рүү ойртохын оронд дахин хурдасч болзошгүйг тайландаа тэмдэглэжээ. Эрчим хүчний өндөр зардал бусад бараа, үйлчилгээний үнэд дамжин нөлөөлөх шинж ажиглагдаж байгаа бөгөөд долоодугаар сарын хэрэглээний үнийн индекс уг өөрчлөлтийн тод дохио болсон гэж тус банк үзэж байна.
Зах зээлийн анхаарал одоо лхагва гарагт нийтлэгдэх наймдугаар сарын инфляцын үзүүлэлтэд төвлөрч байна. Шинэ мэдээлэл нь нөөцийн банк бодлогын хүүгээ цаашид дахин өсгөх эсэх талаарх хүлээлтэд нөлөөлөх гол үзүүлэлтүүдийн нэг болохоор байна.
Харин өндөр хүү инфляцыг сааруулахын зэрэгцээ эдийн засгийн идэвхжлийг сулруулах эрсдэл дагуулж буйг төв банк анхаарууллаа.
Австралийн эдийн засгийн өсөлт хоёрдугаар улиралд 2.1 хувь болж, эхний улирлын 2.5 хувиас саарчээ.
Нөөцийн банкны үнэлгээгээр Ойрх Дорнодын мөргөлдөөн шийдэгдээгүй хэвээр байгаа тул инфляц өндөр түвшинд удаан хадгалагдах, эдийн засгийн идэвхжил төсөөлснөөс сулрах хувилбарууд зэрэгцэн оршиж байна. Иймээс цаашдын бодлогын шийдвэрүүд инфляц, эдийн засгийн өсөлт болон хөдөлмөрийн зах зээлийн шинэ үзүүлэлтүүдээс илүүтэй хамаарна.
Холбоотой мэдээ

"КАРЕК" хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс 19 төсөлд $1.5 тэрбумын хөрөнгө оруулалт татжээ
Монгол Улс 2026 онд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны “КАРЕК” хөтөлбөрийг ахалж, 25 жилийн ойн цуврал арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.





Төрийн аудитын байгууллага: Төсвийн зарлага өсвөл хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх санхүүгийн орон зайг хязгаарлаж болзошгүй
Монгол Улсын 2027 оны төсвийн төсөл хуулийн тусгай шаардлагуудыг хангаж байгаа ч зарлагын огцом өсөлт, уул уурхайгаас хамааралтай орлого болон хөрөнгө оруулалтын төлөвлөлт эрсдэл дагуулж байгааг…