Барилгын шилэн фасад шувуудад аюул дагуулж байна
Хот суурин газрын шилэн фасадтай барилга байгууламжийг шувууд мөргөх тохиолдол их гардаг. Энэ нь шувуудын зүй бус хорогдлыг нэмэгдүүлэхээс гадна зэрлэг амьтнаас халдварт өвчин дамжих эрсдэлийг өсгөж болзошгүй. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд шилэн гадаргуудаа махчин шувууны дүрс бүхий стикер байршуулж, урьдчилан сэргийлэхийг уриалжээ.

Хот суурин газрын шилэн фасадтай барилга байгууламжийг шувууд мөргөх тохиолдол их гардаг тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатайг Нийслэлийн Байгаль орчны газар дахин санууллаа. Шувууд шилэн гадаргууг бодит саад гэж ялгаж харахгүйгээс барилга байгууламжийг мөргөх эрсдэл үүсдэг байна.
Тус газрын мэдээлснээр, ийм мөргөлдөөн шувуудын зүй бус хорогдлыг нэмэгдүүлэхээс гадна зэрлэг амьтнаас халдварт өвчин дамжих эрсдэлийг ч өсгөж болзошгүй. Хотын орчинд барилга байгууламжийн нягтаршил, хүн амын хөдөлгөөн өндөр байдаг тул уг асуудал илүү анзаарагддаг бөгөөд урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулах шаардлагатай гэж үзжээ.
Шувуу мөргөх эрсдэлийг бууруулах зорилгоор шилэн гадаргууд махчин шувууны дүрс бүхий стикер байрлуулах ажлыг жил бүр зохион байгуулдаг байна. Стикер нь шилэн гадаргууг шувуудад ялган танихад тусалж, мөргөлдөх давтамжийг бууруулах зориулалттай.
Нийслэлийн Байгаль орчны газар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг өөрийн эзэмшлийн шилэн фасадтай барилга байгууламжид ийм стикер байршуулж, урьдчилан сэргийлэх ажилд хамтран оролцохыг уриалжээ.
Энэ үеэр өндөрлөг цэгт ажиллах шаардлага үүсч болох тул хамгаалах хэрэгсэл ашиглах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангах нь чухал болохыг мөн санууллаа.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





