“Blackstone”: Хиймэл оюуны дэд бүтцийн хөрөнгө оруулалтад хувьцааны санхүүжилт улам чухал болно
“Blackstone”-ийн ерөнхийлөгч Жон Грэй хиймэл оюуны дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгө асар хурдацтай нэмэгдэж байгаа тул компаниуд өрийн санхүүжилтээс гадна хувьцааны санхүүжилтийг…

АНУ-ын хөрөнгө оруулалтын “Blackstone” компанийн ерөнхийлөгч бөгөөд үйл ажиллагаа хариуцсан захирал Жон Грэй хиймэл оюуны дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр компаниуд хувьцааны санхүүжилтийг илүү өргөн ашиглах шаардлагатай болж байгааг онцоллоо.
Тэрбээр мягмар гарагт Хонконгийн Мөнгөний удирдах газрын зохион байгуулсан “Global Financial Leaders’ Investment Summit” чуулганы үеэр хиймэл оюуны салбарт олгож буй зээл тодорхой компаниуд болон салбарт хэт төвлөрөх эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулжээ.
Грэйгийн тайлбарласнаар хувьцаа эзэмшигчид компанийн өсөлтөөс ашиг хүртэх боломжтой бол зээлдүүлэгчдийн өгөөж үндсэндээ зээлийн хүү болон үндсэн төлбөрөөр хязгаарлагддаг аж. Иймээс хиймэл оюуны дэд бүтцийн хөрөнгө оруулалт тэлэхийн хэрээр санхүүжилтийн бүтцийг өөрчлөх шаардлага үүсээд байна.
Жон Грэй энэ талаар “Энэ салбарын асар их хөрөнгийн хэрэгцээг хангахын тулд хувьцааны санхүүжилтийг улам нэмэгдүүлэх шаардлагатай болно” гэдгийг мэдэгджээ.
Хөрөнгө оруулалт ирэх таван жилд 10 их наяд ам.долларт хүрч болзошгүй Тус хэлэлцүүлэгт оролцсон хөрөнгө оруулалтын менежментийн “Pimco” компанийн гүйцэтгэх захирал Эммануэль Роман хиймэл оюуны салбарын санхүүжилтийн хэрэгцээ хөрөнгийн зах зээлийн шингээх чадвараас давж болзошгүйг анхаарууллаа.
Тэрбээр “General Atlantic”-ийн гүйцэтгэх захирал Билл Фордын тооцооллыг эш татаж, хиймэл оюунтай холбоотой хөрөнгө оруулалт ирэх таван жилд 10 их наяд ам.долларт хүрч магадгүйг дурджээ. Мөн түүний хэлснээр он гарснаас хойш хиймэл оюунтай холбоотой 550 тэрбум ам.долларын өрийн санхүүжилтийг төрөл бүрийн хэлбэрээр босгосон байна.
Үүний зэрэгцээ Роман дэлхийн компанийн бондын зах зээлийн хэмжээг 20 орчим их наяд ам.доллар гэж харьцуулан, хиймэл оюуны хөрөнгө оруулалтыг өр болон хувьцааны санхүүжилтээр хослуулан бүрдүүлсэн ч шаардагдах хөрөнгө асар их хэвээр байхыг онцолсон юм.
“Goldman Sachs” даваа гарагт нийтэлсэн тайландаа дэлхийн дата төвийн эрэлтийг хангахад ирэх таван жилд ойролцоогоор 8.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцоолжээ.
Тооцоолох хүчин чадлын эрэлт нийлүүлэлтээс давсан хэвээр байна
Санхүүжилтийн эрсдэл нэмэгдэж байгаа ч Жон Грэй хиймэл оюуны дэд бүтцийн салбарын өсөлтийн боломжийг өөдрөгөөр үнэлсэн хэвээр байгаа юм. Түүний хэлснээр тооцоолох хүчин чадлын эрэлт одоогийн нийлүүлэлтээс мэдэгдэхүйц давжээ.
Тухайлбал, “Blackstone”-ийн хөрөнгө оруулалттай компаниудын хиймэл оюуны загварт зарцуулсан зардал сүүлийн нэг жилд 20 дахин өссөн байна. Компаниуд программын код бичих, хэрэглэгчтэй харилцах болон контент бүтээх зэрэг үйл ажиллагаанд хиймэл оюун ашигласнаар санхүүгийн үр өгөөж хүртэж байгааг Грэй тайлбарлав.
Гэвч эрэлт өсөхийн хэрээр дата төв байгуулах тохиромжтой газар олох, шаардлагатай зөвшөөрөл авах, чип болон цахилгаан эрчим хүчээр хангах, хөрөнгө босгох зэрэг асуудал улам хүндрэлтэй болжээ.
Грэйгийн үзэж буйгаар эдгээр бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхэд хөрөнгийн зах зээл, банкууд болон хувийн хөрөнгө оруулалтыг хослуулах шаардлагатай аж. Томоохон үүлэн технологийн компаниуд үйл ажиллагаанаасаа олсон мөнгөн урсгалаа ашиглахын зэрэгцээ өрийн хэмжээгээ хязгаарлах санхүүжилтийн шинэ бүтэцтэй хэлцлүүдийг түлхүү ашиглах төлөвтэй байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





