FT: Дональд Трамп Жр. Монголд Кремльтэй ойр бизнесмен Умар Кремлевтэй хамт ан хийжээ
Financial Times-ийн мэдээлснээр Трамп Жр. наймдугаар сард Увс аймаг дахь агнуурын баазад Умар Кремлевтэй хоёр хоног хамт байсан бөгөөд АНУ-ын Элчин сайдын яам Нууц албаны буудлын төлбөрт 18,715 ам.доллар төлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ахмад хүү Дональд Трамп Жр. энэ зун Монголд ан хийх үеэрээ Кремльтэй ойр холбоотой Оросын бизнесмен Умар Кремлевтэй хоёр хоног хамт байсныг Financial Times сонин 10 дугаар сарын 27-нд мэдээллээ.
FT-ийн мэдээлснээр Трамп Жр. наймдугаар сарын сүүлээр Улаанбаатарт ирж, улмаар хэдэн зуун километрийн цаана орших Увс аймаг дахь агнуурын баазад цөөн тооны анчин хөтөч, жолооч, тогоочийн хамт буудалласан. Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч Кремлев наймдугаар сарын 27-нд Казахстанд хэвлэлийн бага хурал хийсний дараа хөлсний онгоцоор шөнөжин нисч Улаанбаатарт ирээд, Трамп Жр.-ын бааз руу явсан байна. Түүнийг АНУ-ын хориг арга хэмжээнд өртсөн "Восход" венчур сангийн түнш, Оросын бизнесмен Артур Мартиросов дагалдаж явжээ.
Сонины эх сурвалжууд нь орон нутгийн хөтөч, албан тушаалтнууд, нислэгийн бүртгэл, сошиал медиа нийтлэл болон албан баримт бичиг юм. Аянд оролцсон нэгэн хүний хэлснээр Трамп Жр., Кремлев хоёр баазад хамт зураг авахуулахаас зайлсхийж байжээ. Хоёр хоногийн дараа Кремлев Улаанбаатар руу буцаж, Якутск руу явсан бол Трамп Жр. дахин долоо хоног үлдэж, Баян-Өлгий аймагт янгир агнасан аж. FT-д ярьсан хөтөчийн хэлснээр тэрээр энэ аяллаар ховордсон Алтайн аргаль буудсан байна. Ан дууссаны дараа Трамп Жр. Улаанбаатарт буцаж ирээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй албан бус уулзалт хийсэн гэж сонин бичжээ.
Ерөнхийлөгчийн гэр бүлийн гишүүний хувьд Трамп Жр. АНУ-ын Нууц албаны хамгаалалттай явдаг. Холбооны баримт бичгээр АНУ-ын Улаанбаатар дахь Элчин сайдын яам наймдугаар сарын 23-аас есдүгээр сарын 6-ны хооронд Нууц албаны "айлчлал"-д зориулж зочид буудлын өрөөний төлбөрт 18,715 ам.доллар төлсөн байна.
Кремлев өмнө нь Трамп Жр.-ын тавдугаар сард Карибын тэнгисийн арал дээр болсон хуримын зардлын нэг хэсгийг гаргасан нь ProPublica-гийн мэдээллээр ил болж, Ерөнхийлөгч Трамп хүү нь тэр зардлыг буцааж төлсөн гэж хэлж байсан. Трамп Жр.-ын төлөөлөгч FT-д "Дон Умартай бизнесийн бус, хувийн найзын харилцаатай гэдгээ тодорхой хэлсэн. Тэдний нөхөрлөл ан, загасчлал, байгальд дуртай байдал дээр тулгуурладаг" гэж тайлбарлажээ. Кремлев, Мартиросов нар сонины асуултад хариулаагүй байна.
Монгол хэрэглэгчид X сүлжээнд энэ мэдээг хуваалцаж, нэг хэрэглэгч жилд ховор амьтан агнах хэдэн зөвшөөрөл олгодог талаар асуулт тавьжээ.
Бага Трамп Оросын бизнесмен Умар Кремлевтой Монголд ан хийв. АНУын элчин түүний хамгаалалтын нууц албаны ажилтнуудын буудлын төлбөрт $18715 төлсөн бна. Тэр 2 хамт зураг авхуулахаас зайлсхийж бв. 2 хоноод Кремлев Якутыг зорьж Трамп дахин 7 хонохоор үлдэв. dialog.ua/world/tramp-ml…
X дээр үзэхТрампын хүү Монголд ирж ховор ан агнуур хийж...Төлбөр мөнгөө төлөөд агнасан байлгүй. Жилд хэдэн ховор амьтан агнах зөвшөөрөл өгдөг юм?
Холбоотой мэдээ




