АНУ Япон дахь Кадена агаарын бааздаа “BYD”-ийн автомашин нэвтрүүлэхийг хориглолоо
АНУ-ын арми Японы Окинава аралд байрлах Кадена агаарын бааздаа Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “BYD” компанийн автомашинуудыг нэвтрүүлэхийг хоригложээ.

АНУ-ын арми Японы Окинава аралд байрлах Кадена агаарын бааздаа Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “BYD” компанийн автомашинуудыг нэвтрүүлэхийг хоригложээ. Шийдвэр нь зөвхөн цэргийн зориулалттай тээврийн хэрэгслээр хязгаарлагдахгүй бөгөөд хувийн автомашин, такси, хүргэлтийн үйлчилгээнд ашигладаг бүх төрлийн “BYD” автомашинд хамаарч байна.
Хоригийн гол шалтгаан нь орчин үеийн автомашинд суурилуулсан камер, GPS байршил тогтоогч, мэдрэгч болон мэдээлэл дамжуулах системүүд юм. Эдгээр технологиор дамжуулан цэргийн байгууламжийн байршил, хөдөлгөөн болон бусад эмзэг мэдээллийг цуглуулах боломжтой гэж АНУ-ын тал болгоомжилж байгаа аж.
Кадена нь Ази дахь АНУ-ын стратегийн чухал агаарын баазуудын нэг ба Хятад, Тайванийн хоолой, Солонгосын хойгтой холбоотой цэргийн хямралын үед онцгой үүрэг гүйцэтгэх боломжтой юм. мөн тус баазад сөнөөгч, тагнуулын болон тандалтын зориулалттай нисэх онгоцууд байрладаг байна.
АНУ-ын Батлан хамгаалах яам өмнө нь “BYD”-ийг Хятадын армитай холбоотой гэж үздэг компаниудын жагсаалтад оруулж байсан.
Хятад улс ч өмнө нь Америкийн “Tesla” компанийн автомашинуудыг зарим төрийн болон цэргийн байгууламжид нэвтрүүлэхэд хязгаарлалт тогтоож байсан юм. Гэсэн ч Бээжин 2024 оноос “Tesla”-ийн Хятадад үйлдвэрлэсэн автомашинууд мэдээллийн аюулгүй байдлын холбогдох шалгуурыг хангасан хэмээн үнэлсэн юм.
Холбоотой мэдээ




