egov.mn

ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОЁРДУГААР ШАТНЫ ХУРАЛДААН БОЛЛОО

“Ган үйлдвэрлэлийн цогцолбор” төслийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үнэлгээний хоёрдугаар шатны хуралдаан өнөөдөр (2026.10.22) Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд боллоо.

Хуваалцах

Энэ мэдээг программ автоматаар бэлтгэсэн.

ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОЁРДУГААР ШАТНЫ ХУРАЛДААН БОЛЛОО

“Ган үйлдвэрлэлийн цогцолбор” төслийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үнэлгээний хоёрдугаар шатны хуралдаан өнөөдөр (2026.10.22) Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд боллоо. Хуралдааныг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв ахлан явуулав. Хуралдаанаар үнэлгээний ажлын хэсгийн гишүүд сонгон шалгаруулалтад оролцож буй компаниудаас ирүүлсэн хөрөнгө оруулалтын санал, холбогдох баримт бичгүүдийг хэлэлцэж, төслийн эдийн засгийн үр өгөөж, технологийн шийдэл болон Монгол Улсад бий болгох бодит өгөөжийг олон талын шалгуур үзүүлэлтээр үнэлж байна. Тодруулбал, экспортын орлого, Монгол Улсад орох валютын урсгал, дотоодын түүхий эдийн ашиглалт, монгол иргэдэд бий болгох шууд ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийн орлого, дотоодын бараа, ажил, үйлчилгээний худалдан авалт, үйлдвэрийн цаашдын хөгжлийн боломж, эдийн засгийн үр өгөөж, ашиглах технологи зэрэг үзүүлэлтийг харгалзан хөрөнгө оруулагчдын саналыг үнэлж байгаа юм. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтын үнэлгээний тайлан, дүгнэлтийг нэгтгэн Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэх юм. Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 56 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус төслийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр олон улсын хөрөнгө оруулагчдад сонгон шалгаруулалтын урилга хүргүүлсэн бөгөөд эхний шатанд олон улсын таван компани хөрөнгө оруулах саналаа илэрхийлжээ. Үүнээс хоёр компанийг шаардлага хангасан гэж үзэн, хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтын саналаа ирүүлэх мэдэгдэл ирүүлсэн юм. Төслийн стратегийн хөрөнгө оруулагчийг 2026 оны дөрөвдүгээр улиралд багтаан сонгон шалгаруулж, 2027 оноос бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна. “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа төмрийн хүдрээс ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи бүхий, жилд хамгийн багадаа нэг сая тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор байгуулахаар зорьж байна. Төслийг сонгон шалгаруулалтад тэнцсэн стратегийн хөрөнгө оруулагч Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх юм. Тус үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсын дотоодын ган бүтээгдэхүүний хэрэглээний 70 орчим хувийг хангах боломжтой бөгөөд төмрийн хүдрээ дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортын хамаарлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, үндэсний аж үйлдвэрийн хөгжлийг шинэ шатанд гаргахад стратегийн ач холбогдолтой төсөл юм. АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ

Хуваалцах

Холбоотой мэдээ

Бизнес

Худалдаа, хөгжлийн банк Өвөр Монголын банктай хамтын ажиллагаагаа 14 дэх жилдээ үргэлжлүүлэв

3 мин уншихАвтомат
Герман-Монголын бизнесийн форум хамтын ажиллагааны шинэ төслүүдийг урагшлуулах боломж нээлээ
Бизнес

Герман-Монголын бизнесийн форум хамтын ажиллагааны шинэ төслүүдийг урагшлуулах боломж нээлээ

2 мин уншихАвтомат