Гэртээ ойр ажилтай байх нь тансаглал юм: Америкийн хөдөлмөрийн насныхан цалингаас гадна зорчих зардлаа тооцдог болжээ
АНУ-ын ажилтнуудын 49 хувь нь зорчих хугацаа эсвэл зардлаас шалтгаалан дор хаяж нэг ажлын саналаас татгалзаж байна.

Ажилд орох хүсэлтэй хүмүүс АНУ-д ажлын саналыг зөвхөн цалингийн хэмжээгээр үнэлэхээс илүүтэй ажилд очих хугацаа, шатахуун болон бусад өдөр тутмын зардлыг нөхөн олговрын нэг хэсэг болгон тооцдог болжээ. Зарим ажилтны хувьд ажлын байрандаа тогтмол ирэх шаардлага ажиллахаас татгалзах шалтгаан болж байна.
Ажил хайх хүний нөөцийн үйлчилгээ үзүүлдэг “Monster” компанийн карьерын шинжээч Вики Салеми ажилтнууд цалин, тэтгэмжээс гадна зорчиход зарцуулах мөнгө, хугацаа болон ажлын уян хатан байдлыг хамтад нь үнэлж буйг онцлов.
Яагаад замын уртыг туулан ажилд очно гэж...
Өнгөрсөн долоодугаар сард ажил эархэлдэг 1,005 америк иргэний дунд хийсэн “Monster”-ийн судалгаанд оролцсон ажилтнуудын 49 хувь нь ажлын байр хүртэлх зам хэт хол эсвэл өндөр зардалтай байсан тул дор хаяж нэг боломжийг хүлээн аваагүй гэж хариулжээ. Харин 30 хувь нь цалин нэмэх, шатахууны зардал олгох, холимог горим санал болгох зэрэг ямар ч урамшуулал хүссэнээс нь мэдэгдэхүйц урт хугацаанд зорчихыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэжээ.
Нөгөө талд ажилтнуудын 32 хувь нь хүссэнээсээ 20 минутаар урт зам туулдаг ажилд орохын тулд цалингаа хамгийн багадаа 20 хувиар нэмүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Зардал нэмэгдсэнээр ажил хайх шалгуур ч өөрчлөгдөж байна. Одоогоор ажил хайж буй оролцогчдын 65 хувь нь бензиний үнэ өссөнөөс шалтгаалан сонголтоо өөрчилжээ. Тэдний 23 хувь нь гэртээ ойр ажлыг, 20 хувь нь зайнаас ажиллах боломжийг, 17 хувь нь илүү өндөр цалинг нэн түрүүнд тавьж байна.
Шатахууны үнэ өрхийн зардлыг өсгөв
Автомашины үйлчилгээний “AAA” байгууллагын мэдээллээр ердийн шатахууны улсын дундаж үнэ есдүгээр сарын 23-нд галлон тутамдаа 4.47 ам.долларт хүрч, жилийн өмнөх 3.17 ам.доллароос 41 хувиар нэмэгджээ.
Шатахууны өсөлт олон өрхөд шууд нөлөөлөхөөр байна. АНУ-ын Хүн амын тооллогын товчооны тооцоогоор 2024 онд ажилтнуудын 69.2 хувь нь ажилдаа ганцаараа автомашинаар явсан байна. Нэг талын зорчих дундаж хугацаа 2023 онд 26.8 минут байсан бол 2024 онд 27.2 минут болжээ. Таван өдөр оффист ажилладаг хүний хувьд долоо хоногт дунджаар 4.5 орчим цагийг замд зарцуулж буйтай энэ нь тэнцэнэ.
“Monster”-ийн судалгаанд оролцогчдын 76 хувь нь шатахууны үнэ санхүүгийн хүндрэл нэмэгдүүлсэн гэж хариулжээ. Улмаар зарим ажилтан гадуур хооллох, хүнсний хэрэглээ, хуримтлал болон хувийн аяллын зардлаа танаж эхэлсэн байна. Зорчилт ийнхүү зөвхөн тээврийн асуудал бус, өрхийн төсөв болон ажил, амьдралын тэнцвэрт нөлөөлөх хүчин зүйл болж байна.
Зорчих зардлыг бууруулах асуудал АНУ-ын Конгрессын анхаарлыг татаж эхэллээ. Төлөөлөгчдийн танхимын гишүүн Лаура Гиллен, Жефф Ван Дрю, Том Кин нар энэ сарын 21-нд “Lowering Commuting Costs Act” хуулийн төслийг өргөн барьжээ.
Хуулийн төсөл батлагдвал татвар төлөгчид шатахуун, нийтийн тээвэр, зогсоол болон замын төлбөр зэрэг хувийн зорчих зардлаас сард 340 хүртэлх, жилд 4,080 хүртэлх ам.долларыг татвар ногдох орлогоосоо хасах боломж бүрдэнэ. Уг зохицуулалт нь 4,080 ам.долларын татварыг шууд буцаан олгохгүй, харин татвар тооцох орлогын хэмжээг багасгах юм. Төсөл одоогоор Төлөөлөгчдийн танхимын Санхүүгийн хороонд шилжээд байна.
Гэвч ажилтнуудын 30 хувь нь ямар ч урамшуулал ажилд хүрэх урт замд зарцуулах хугацааг нөхөж чадахгүй гэж үзсэн нь ажил олгогчдод илүү өргөн дохио өгч байна. Цалин, зорчих тэтгэмж дангаараа хангалтгүй болж, зайнаас болон холимог хэлбэрээр ажиллах боломж, ажлын газрын байршил, цагийн уян хатан байдал ажилтан татах, тогтоон барих бодлогын салшгүй хэсэг болжээ.
Холбоотой мэдээ

Дэлхийн хэмжээнд $365 их наяд давсан өрийн "сүлжээ" үүсчээ
Дэлхийн улс орнуудын нийт өр 2026 оны эхний хагаст 10 их наяд ам.доллароор нэмэгдэв. Хөгжингүй эдийн засагтай орнууд сүүлийн нэг жилд Засгийн газрын бондын хүүд 3.3 их наяд ам.

Швейцарын төв банк бодлогын хүүгээ 0 хувьд хэвээр үлдээлээ
Энэ нь инфляц болон франкийн ханшийн хөдөлгөөнийг үргэлжлүүлэн ажиглах дохио юм. Швейцарын инфляц наймдугаар сард 0.8 хувьд хүрсэн ч төв банкны 0-2 хувийн зорилтот хүрээнд байна.

З.Мэндсайхан: "Оюутолгой"-н ногдол ашгийн ₮1 их наядыг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр төлөвлөсөн
Засгийн газар 2027 онд “Оюутолгой” компаниас 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар төсвийн төсөлд тусгасан тухай Сангийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.

Бизнесийн зээлийн өсөлт хэрэглээнийхээс өндөр байна: Нийт зээлийн 5.3 хувь нь чанаргүй ангилалд багтжээ
Монголын банкны салбарын нийт зээлийн үлдэгдэл наймдугаар сард 48.4 их наяд төгрөгт хүрч, жилийн дүнгээр 14.3 хувиар өслөө.


Монгол Улс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг жилд $5.5 тэрбумд хүргэх зорилт тавилаа
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын жилийн орох урсгалыг 2026 онд $4.5 тэрбум, 2027 онд $5 тэрбум, 2028 онд $5.5 тэрбумд хүргэх зорилт тавьжээ.