Хүрэн баавгайтай холбоотой 1,363 дуудлага: Баавгайн байршлыг цахим газрын зурагт оруулжээ
21 аймаг болон нийслэлийн хэмжээнд хүрэн баавгайтай холбоотой 1,363 дуудлага, мэдээлэл давхардсан тоогоор бүртгэгджээ.

Улсын хэмжээнд хүрэн баавгайтай холбоотой дуудлага, мэдээллийг нэгтгэн хянах цахим системийг ашиглалтад оруулж, олон нийтэд нээлттэй болгожээ.
Системд арваннэгдүгээр сарын 4-ний байдлаар 21 аймаг, нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор 1,363 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Иргэд хүрэн баавгайтай холбоотой дуудлага бүртгэгдсэн байршил, огноо, мэдээллийн ангиллыг цахим газрын зургаас харах боломж бүрдэв.
Энэ нь зэрлэг амьтантай холбоотой эрсдэлийн мэдээллийг нэг дор төвлөрүүлж, иргэдэд хүртээмжтэй хүргэхийн зэрэгцээ холбогдох байгууллагуудын шуурхай ажиллагааг зохицуулахад чиглэж байна.
Баавгайн дуудлагыг өдөр, долоо хоног, сараар шүүн харах боломжтой
Шинээр нэвтрүүлсэн цахим систем нь хүрэн баавгайтай холбоотой дуудлага, мэдээллийн байршлыг газрын зурагт тэмдэглэж, улсын хэмжээнд нөхцөл байдлыг нэгтгэн харуулж байна.
Иргэд болон холбогдох байгууллагууд мэдээллийг өдөр, долоо хоног, сараар шүүж үзэх боломжтой бөгөөд шинээр дуудлага, мэдээлэл бүртгэх үйлдэл мөн багтжээ.
Системд бүртгэгдсэн дуудлагын тоо, тухайн дуудлагад ажилласан албан хаагчид болон ашигласан техник хэрэгслийн мэдээллийг нэгтгэн харуулж байгаа аж.
Ингэснээр аль бүс нутагт баавгайтай холбоотой дуудлага түлхүү бүртгэгдэж, ямар хугацаанд мэдээлэл нэмэгдэж байгааг ажиглах боломж бүрджээ.
Гэхдээ бүртгэгдсэн 1,363 дуудлага нь энэ тооны баавгай, төдий тооны халдлага гарсан гэсэн үг биш юм. Уг үзүүлэлт нь давхардсан тоогоор бүртгэсэн дуудлага, мэдээллийн нийлбэр аж.
Аймаг, нийслэлийн мэдээллийг тогтмол шинэчилнэ
Цахим системийг цаашид аймаг, нийслэлийн холбогдох байгууллагуудаас ирүүлсэн мэдээллээр тогтмол шинэчлэхээр төлөвлөжээ.
Ингэснээр хүрэн баавгайтай холбоотой дуудлагын байршил, давтамжийг нэгтгэн хянаж, шаардлагатай үед холбогдох байгууллагуудын шуурхай ажиллагаа, хүн хүч, техник хэрэгслийн зохицуулалтад ашиглах боломжтой.
Мөн системийг байгаль, цаг уурын бусад аюултай үзэгдлийн мэдээллийг бүртгэх чиглэлээр өргөжүүлэх аж.
Иргэд https://mecc.gov.mn/inclusive/index.html цахим хуудсаар дамжуулан хүрэн баавгайтай холбоотой дуудлагын мэдээлэл болон байршлын газрын зурагтай танилцах боломжтой.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





