Хүүхдийн өдрийн эмчилгээний 100 мянган төгрөгийн багцыг ЭМДС бүрэн санхүүжүүлнэ
Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд хүүхдийн өдрийн эмчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлж байна.

Томуу, томуу төст өвчний улирал эхэлж, хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн хүүхдийн өдрийн эмчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлж байгааг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.
Нэг хүүхдийн өдрийн эмчилгээний багцын санхүүжилт 100 мянган төгрөг бөгөөд зардлыг Эрүүл мэндийн даатгалын сан бүрэн хариуцна. Эмчийн үзлэгээр өдрийн эмчилгээ шаардлагатай гэж үзсэн хүүхдүүд тухайн эрүүл мэндийн төвдөө тусламж, үйлчилгээ авах юм.
Багцад эмчийн үзлэг, хяналт, шаардлагатай оношилгоо болон эмчийн заалтын дагуу хэрэглэх эм, физик эмчилгээ, утлага зэрэг үйлчилгээ багтана. Иймд өдрийн эмчилгээний багцад хамаарах эмийг эцэг эхчүүд өөрсдийн мөнгөөр худалдан авах шаардлагагүй бөгөөд эрүүл мэндийн байгууллага даатгалын санхүүжилтээр хариуцна.
Цаашид хүүхдийн өвчлөл, тусламж үйлчилгээний бодит хэрэгцээнд үндэслэн, шаардлагатай тохиолдолд томуугийн улирал дуустал үзүүлсэн эмчилгээний гүйцэтгэлээр санхүүжүүлэх зохицуулалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Холбоотой мэдээ





