хувийн эмнэлгийн үйлчилгээ улсын байгууллагынхаас 5-10 дахин үнэтэй байна
Энэтхэгийн хувийн эрүүл мэндийн салбарт сүүлийн жилүүдэд олон тэрбум ам.долларын хөрөнгө эргэлдэж, эмнэлэг, оношлогооны төвийн сүлжээ хурдацтай тэлж байна. 2022-2024 онд эрүүл мэнд, эмийн салбарын 600 орчим хэлцлийн нийт дүн 30 тэрбум ам.доллароос давжээ. Эмчилгээ, оношлогооны зардал өсөхийн хэрээр Энэтхэгийн өрхүүдийн төлбөр нэмэгдэж, үнэ болон үйлчилгээний стандартыг хатуу зохицуулах шаардлага үүсч эхэллээ.

Энэтхэгийн хувийн эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт эрчимжиж, эмнэлэг болон оношлогооны төвүүдийн тоо хурдацтай нэмэгдэж байна. Гэвч үйлчилгээний хүртээмж тэлэхтэй зэрэгцэн эмчилгээний төлбөр өсч, өрхүүдийн санхүүгийн ачааллыг нэмэгдүүлж буйг Засгийн газрын ажлын хэсгийн тайланд анхааруулжээ.
Баруун Энэтхэгийн Махараштра мужийн Мираж хотод таван км орчим замын дагуу 50-иас олон төрөлт эмнэлэг, оношлогооны төв, клиник төвлөрчээ. Бүс нутагтаа уламжлалт эмнэлгийн төв гэж тооцогддог тус хотод эдгээр байгууллагын олонх нь сүүлийн таван жилд шинээр нээгдсэн байна.
Эрүүл мэндийн салбарт олон тэрбум ам.доллар зарцуулж байна
Зөвлөх үйлчилгээний “Grant Thornton” компанийн мэдээлснээр 2022-оос 2024 онд Энэтхэгийн эмийн компаниуд 600 орчим хэлцэл хийж, нийт үнэлгээ нь 30 тэрбум ам.доллароос давжээ. Хөрөнгө оруулалтын ойролцоогоор 40 хувь нь эмнэлгүүдэд чиглэсэн байна.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд нэмэлтээр 20 тэрбум ам.доллароос дээш санхүүжилт татжээ. Мөн хувийн эмнэлгийн “Manipal Health” сүлжээ наймдугаар сарын эхээр Энэтхэгт энэ оны хоёр дахь том хувьцааны анхдагч арилжааг хийж, бараг нэг тэрбум ам.доллар босгосон нь хөрөнгө оруулагчдын сонирхол өндөр хэвээр байгааг харуулав.
Гэвч хөрөнгө оруулалтын өсөлт өвчтөнүүдийн зардлыг бууруулаагүй байна. Засгийн газрын ажлын хэсгийн тайланд хувийн эмнэлгийн эмчилгээ улсын байгууллагынхаас дунджаар 5-аас 10 дахин үнэтэй бөгөөд хорт хавдар, зүрх, бөөрний өвчний үед үнийн зөрүү бүр их байдаг гэж тэмдэглэжээ.
Үнийн зөрүү зөвхөн эмчилгээний төлбөрөөр хязгаарлагдахгүй
Махараштра мужийн хүнс, эмийн зохицуулагч байгууллагын шалгалтаар зарим эмнэлэг судсаар эмчилгээ хийх иж бүрдлийг худалдан авсан үнээсээ 2,800 хувийн нэмэгдэлтэйгээр өвчтөнүүдэд борлуулж байсныг илрүүлжээ. Зохицуулагчид эмнэлгийн хэрэгслийн үнэ тогтоох хангалттай хяналтгүй байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.
Ажлын хэсэг мөн зарим хувийн эмнэлэг шаардлагагүй шинжилгээ, оношлогоо санал болгох, түгээмэл үйлчилгээний төлбөрийг хэт өсгөх эрсдэл байгааг шалгах шаардлагатай гэж үзжээ. Тайланд хувийн эрүүл мэндийн салбарын хэт арилжаа нь эмзэг өрхүүдийг өндөр өрөнд оруулж, зарим тохиолдолд хөрөнгөө худалдахад хүргэж байгааг онцолжээ.
Үүний зэрэгцээ клиник, асрамжийн газар, оношлогооны төвүүдийн тоо зохицуулалтгүй нэмэгдэж, стандарт муж бүрд жигд хэрэгжихгүй байгаа нь үйлчилгээний чанар болон үнийн зөрүүг нэмэгдүүлж буйг ажлын хэсэг анхааруулжээ.
Үнийн дээд хязгаар тогтоох санал яригдаж байна
Ажлын хэсэг эмнэлгийн өрөөний тарифыг гурван одтой зочид буудлын түвшинтэй ойролцоо байхаар дээд хязгаар тогтоох, түгээмэл эмчилгээ, оношлогооны үйлчилгээний үнийг зохицуулах санал гаргасан байна. Мөн шаардлагагүй эмчилгээ, шинжилгээг бууруулах зорилгоор стандарт эмчилгээний заавар нэвтрүүлэхийг зөвлөжээ.
Харин хувийн эмнэлгүүдийн зүгээс зардал муж, хот бүрд ялгаатай тул улс даяар нэг ижил дээд үнэ тогтоох нь бодит нөхцөлтэй нийцэхгүй гэж маргаж байна. Тайланд мөн эмнэлгийн сүлжээнд гадаадын эзэмшил 51 хувиас давсан тохиолдлыг анхаарах эрсдэл гэж дурджээ.
Асуудлын нэг хэсэг нь улсын эрүүл мэндийн санхүүжилттэй холбоотой. Тайланд дурдсанаар Энэтхэгийн Засгийн газрын эрүүл мэндийн зардал ДНБ-ий 1.4 хувьтай тэнцэж байгаа нь Үндэсний эрүүл мэндийн бодлогын 2.5 хувийн зорилтоос доогуур хэвээр байна. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөсөн 5 хувийн түвшнээс ч хол байгааг тэмдэглэжээ.
Улсын хоёрдогч болон гуравдагч шатлалын эмнэлгийн тусламжид хөрөнгө оруулалт хангалтгүй байснаар иргэд өндөр төлбөртэй хувийн байгууллагад хандах шаардлага нэмэгдсэн гэж ажлын хэсэг дүгнэжээ. Хувийн хөрөнгө, тэр дундаа гадаадын хөрөнгө оруулалтын сангууд эмнэлгийн салбарт улам идэвхтэй орж ирж буй үед үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгыг өрхийн төлбөрийн чадвар болон үнийн зохицуулалттай хэрхэн тэнцвэржүүлэх нь Энэтхэгийн эрүүл мэндийн бодлогын гол асуудлын нэг болж байна.
Холбоотой мэдээ

“Clearlake Capital”-ийн “Челси” дэх ноёрхол: 61 хувиар зогсохгүй, үлдсэн бүх хувьцааг өөрийн болгоно
Цөөнхийн хувьцаа эзэмшигч Марк Уолтер өөрийн эзэмшлээ “Clearlake Capital”-д шилжүүлэхээр болжээ. Хэлцлээр “Челси”-г 5 тэрбум фунт стерлингээр үнэлж байгаа ч өдөр тутмын үйл ажиллагаа болон стратегид өөрчлөлт орохгүй гэж мэдэгдлээ. Уолтерын хувьд уг хэлцэл бусад спортын хөрөнгө оруулалтаа өөрчлөх үйл явцтай давхцаж байна.

Наймдугаар сарын сүүлчээр бэлчээрийн ургамал татарч эхэлжээ
Бэлчээрийн ургамал зургаадугаар сарын эхнээс наймдугаар сарын дунд үе хүртэл өтгөрч, ихэнх нутгаар зуншлага хэвийн үргэлжилжээ. Говь, тал хээр болон баруун аймгуудын нутгаар ургамлын гарц тааруу байв. Хадлан тэжээлийн бэлтгэлийг бүсчилсэн нөхцөлтэй уялдуулах шаардлагатайг албаныхан онцоллоо.

Ашгаа өсгөх "American Airlines"-ийн гаргалгаа: Дээд зэрэглэлийн суудлаа нэмэгдүүлж, салоноо шинэчилнэ
Агаарын тээврийн эрэлт хямдрал болон илүү тав тухтай үйлчилгээ сонгодог зорчигчдын хоёр өөр урсгалд хуваагдаж байна. “American Airlines” компанийн нийт суудлын 30 орчим хувь нь орлогынх нь тал хувийг бүрдүүлдэг тул дээд зэрэглэлийн суудлаа нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Салоны шинэчлэл болон шинэ онгоц худалдан авах төлөвлөгөө нь компанид нэг зорчигчоос олох орлогоо нэмэгдүүлж, өртөг өсч буй үед ашигт ажиллагаагаа хамгаалах боломж олгоно.

Шүд нь цоорсон хүүхдийн тоо өнгөрсөн онд 121.4 мянгад хүрчээ
Нийт тохиолдлын 54,044 буюу 44.5 хувь нь 0–4 насныхан эзэлж байна. 2021-2025 оны хооронд хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл 3.5 дахин өсчээ. Шүд нь хорхойтсон 10-14 насны 20,000 орчим хүүхэд бүртгэгджээ.

Өвлийн бэлтгэл эрчимжив: Улаанбаатар 460 мянган тонн түлшээр дулаанаа хангана
Улаанбаатар хот 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хүрээнд 573 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 83 хувьд хүрчээ. Агаарын чанарыг сайжруулах зорилгоор энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш, 180 мянган тонн мидлинг сайжруулсан түлш хэрэглэж, 446 цэгээр борлуулна. Хотын 5,000 өрх болон найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлсэн бөгөөд дулааны шинэ эх үүсвэрүүдийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Өглөөний ганцхан асуулт хосуудын үл ойлголцлыг бууруулна
Өглөөг богино хэлбэрийн яриагаар эхлүүлдэг хос яриандаа нэг ч атугай асуулт нэмэхийг сэтгэл зүйч зөвлөж байна. Энэ нь тухайн өдөр хэр их эрч хүчтэй, ямар хэмжээний нөөц боломжтой байгаагаа тоогоор илэрхийлэх, эсвэл өдрийг “хөнгөн”, “хүнд” гэх мэт ерөнхий үнэлгээгээр тодорхойлно гэсэн үг. Энэхүү богино “шалгалт”-ын гол зорилго нь хосууд өдрийн эрч хүч, боломжит нөөцөө урьдчилан ил тод болгоход оршино.