Инфляц 13.4 хувьд хүрч, Монголбанкны зорилтот түвшнөөс 5.4 нэгж хувиар давлаа
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр аравдугаар сард инфляц 13.4 хувьд хүрч, Монголбанкны зорилтот дээд хязгаараас 5.4 нэгж хувиар давжээ.

Монгол Улсын аравдугаар сарын инфляц 13.4 хувьд хүрч, Монголбанкны зорилтот түвшнээс давлаа. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 1.1 хувиар өссөн байна.
Монголбанк 2026 онд инфляцыг 6 хувь, хоёр нэгж хувийн хэлбэлзлийн интервалтай буюу 4–8 хувийн түвшинд хадгалах зорилт тавьсан. Харин аравдугаар сарын инфляц уг интервалын дээд хязгаараас 5.4 нэгж хувиар өндөр гарчээ.
Мах, шатахууны үнийн өсөлт инфляцад хамгийн их нөлөөлжээ
Аравдугаар сарын инфляцын 13.4 хувийн өсөлтөд махны үнийн өсөлт 4 нэгж хувь, бензин, түлшний үнийн өсөлт 2.8 нэгж хувийн нөлөө үзүүлсэн гэж Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.
Мөн импортын барааны үнийн өсөлтийн нөлөө 2.1 нэгж хувь, дотоодын барааны үнийн өсөлтийн нөлөө 4.4 нэгж хувьтай байна.
Хэрэглээний үнийн индексийн сагсанд багтдаг АИ-92 автобензиний үнэ 3,446 төгрөгт хүрсэн бол үхрийн нэг кг цул махны үнэ өмнөх оны мөн үеэс 41.7 хувиар нэмэгджээ.
Шатахууны үнийн өсөлт нь зөвхөн автомашин хэрэглэгчдийн зардлыг нэмэгдүүлэхээс гадна бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, түгээлт, үйлдвэрлэлийн өртөгт нөлөөлөх эрсдэлтэй. Харин махны үнэ өссөнөөр өрхийн хүнсний хэрэглээний зардал нэмэгдэж байна.
2026 оны хоёрдугаар улиралд инфляцын өсөлтөд махны үнэ голлон нөлөөлж байсан бол гуравдугаар улирлаас олон улсын зах зээлийн нөхцөл байдалтай холбоотой шатахууны үнийн өсөлтийн нөлөө нэмэгдсэн байна.
Жилийн өөрчлөлтөөр хүнс болон барааны бүлгийн үнийн өсөлт хоёр дахин эрчимжсэн бол үйлчилгээний үнийн өсөлт саарсан үзүүлэлттэй гарчээ.
Энэ нь инфляцын дарамт зөвхөн үйлчилгээний зардлаас бус, иргэдийн өдөр тутам худалдан авдаг хүнс, шатахуун болон бусад барааны үнээр дамжин нэмэгдэж байгааг харуулав.
Инфляц оны эхнээс эрчимжлээ
Оны эхний улиралд инфляц 7.4 хувьтай байсан нь Монголбанкны зорилтот интервалд багтаж байв.
Харин дөрөвдүгээр сараас үнийн өсөлт эрчимжиж, тухайн сард хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 2.8 хувиар нэмэгдсэн байна.
Улмаар аравдугаар сард инфляц 13.4 хувьд хүрсэн нь оны эхний улирлын 7.4 хувийн түвшнээс зургаан нэгж хувиар өндөр үзүүлэлт болжээ.
Инфляц зорилтот түвшнээс ийнхүү давсан нь өрхийн худалдан авах чадварыг бууруулахын зэрэгцээ Монголбанкны цаашдын мөнгөний бодлогын шийдвэрт анхаарал хандуулах нөхцөл бүрдүүлж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





