КАРЕК-ийн Бизнес форум Улаанбаатарт эхэллээ: Хөрөнгө оруулалт, дэд бүтэц, чухал ашигт малтмалын асуудалд төвлөрнө
“CAREC Business Forum 2026”-аар өнөөдөр ногоон эрчим хүч, ухаалаг тээвэр, логистик болон чухал ашигт малтмалын хөрөнгө оруулалт сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнөнө.

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр болох “CAREC Business Forum 2026” өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.
Аравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх энэхүү форумын эхний өдөр зохион байгуулагчид “Хөрөнгө оруулалтыг өргөжүүлж, дэд бүтцийн өөрчлөлтийг хурдасгах нь” сэдвийн хүрээнд гурван үндсэн чиглэлийг тусгайлан хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Нэн тэргүүнд ногоон эрчим хүч болон улс хоорондын эрчим хүчний холболтыг өргөжүүлэх асуудал багтаж байна. Сэргээгдэх эрчим хүч, бүс нутгийн цахилгааны эх үүсвэрүүд, ухаалаг сүлжээ болон түгээх дэд бүтцэд хувийн хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлгүүд өрнөх юм.
Хоёрдугаарт, тээврийн коридор, олон төрлийн тээврийн уялдаа, дижитал ачаа тээвэр, ухаалаг логистик, гаалийн цахим шийдэлд анхаарна. КАРЕК-ийн үзэж буйгаар хил дамнасан тээврийн дижитал системүүд нь барааны хөдөлгөөнийг хурдасгаж, нийлүүлэлтийн сүлжээний үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой аж.
Гуравдугаарт, зэс, лити, газрын ховор элемент, чухал ашигт малтмалыг зөвхөн олборлон экспортлохоос илүү боловсруулж, үйлдвэрлэлийн өртгийн сүлжээ бий болгох асуудлыг хэлэлцэнэ. Төв Азийн уул уурхайн төслүүдийн 85 орчим хувь нь олборлолтын шатанд төвлөрч байгаа бол бүс нутгийн худалдааны нэг хүрэхгүй хувийг боловсруулсан болон технологийн шат ахисан бүтээгдэхүүн эзэлдэг тухай КАРЕК онцолсон байна. Эдийн засаг, хөгжлийн яамны мэдээлснээр, энэхүү форумд 10 улсын төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид, хөрөнгө оруулагч, бизнесийн хөгжлийн байгууллагын 400 орчим төлөөлөгч оролцож байна.
Энэ онд КАРЕК-ийг даргалж буй Монгол Улсын хувьд тус хөтөлбөрийн 25 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог. КАРЕК нь Афганистан, Азербайжан, БНХАУ, Гүрж, Казахстан, Киргизстан, Монгол, Пакистан, Тажикистан, Туркменистан, Узбекистан гэсэн 11 улс болон хөгжлийн түншүүдийг нэгтгэдэг бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөр юм.
2001-ээс 2025 оны эцэс хүртэл КАРЕК-ийн хүрээнд 300 төсөлд 57.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс 19.7 тэрбум ам.долларыг Азийн хөгжлийн банк, 26.5 тэрбум ам.долларыг бусад хөгжлийн түншүүд санхүүжүүлсэн байна.
Өнгөрсөн 25 жилийн хөрөнгө оруулалтын 90 гаруй хувь нь тээвэр болон эрчим хүчний салбарт ногдсон ч КАРЕК дараагийн шатанд хувийн хөрөнгө оруулалт, дижитал шилжилт, чухал ашигт малтмал зэрэг шинэ чиглэлд санхүүжилтийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Бүс нутагт дэд бүтэц, санхүүжилтийн томоохон хэрэгцээ хэвээр байгаа учраас зөвхөн улсын төсөв, хөгжлийн байгууллагын санхүүжилтэд найдах бус хувийн капиталыг татах шаардлагатай гэж КАРЕК онцолж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад 2025 оны эцсийн байдлаар 19 төсөлд 1.5 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт төвлөрчээ. Үүний нэг тэрбум гаруй ам.доллар нь тээврийн 13 төсөлд буюу авто зам, хилийн боомт, логистикийн дэд бүтцийг хөгжүүлэхэд голлон чиглэсэн байна.
Монгол Улс цаашид зөвхөн хоёр хөршийн хооронд ачаа дамжуулдаг транзит орон бус, худалдаа, тээвэр, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг холбосон бүс нутгийн зангилаа болох зорилт тавьж байгааг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өчигдөр болсон КАРЕК-ийн Сайд нарын бага хурлын үеэр мэдэгдсэн юм.
Тэгвэл өнөөдөр эхлэх бизнес форум уг зорилтыг хөрөнгө оруулагч, санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн түвшинд хэлэлцэх талбар болж байна. Азийн хөгжлийн банк форумаас хүлээж буй үр дүнд хамтарсан компани байгуулах, хөрөнгө оруулалтын түнш олох, төсөлд санхүүжилт татах зэрэг шууд бизнесийн холбоо бий болгох зорилт дэвшүүлжээ.
Харин хамгийн сүүлийн өдөр буюу аравдугаар сарын 1-ний хөтөлбөрийг “Монгол Улс-Бүс нутгийн анхаарлын төвд” сэдвээр зохион байгуулах бөгөөд Монголын гарааны бизнесийн экосистем, хиймэл оюуны бэлэн байдал, жижиг, дунд бизнесийн хөгжил, санхүүжилтийн хүртээмжийг эхний хэсэгт хэлэлцэхээр төлөвлөжээ.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг далайд гарцгүй орноос бүс нутгийн зах зээлүүдийг холбосон худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын зангилаа болгох боломжийг онцлох юм.
Холбоотой мэдээ


National Economic Council-ын захирал Кевин Хассетт CNBC-д эдийн засгийн байр сууриа тайлбарлав
Цагаан ордны зөвлөлийн тэргүүн Кевин Хассетт цар тахлын үеийн тэлэлтийн өртөг одоо ч дарамталж байна гэв Тэрбээр Байдены 2021 оны 1.9 их наяд ам.


Шатахууны шуурхай штаб импортын саатал, нөөцийн мэдээллээ танилцуулж, хэрэглээгээ хэмнэхийг уриалав
Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан шатахууны шуурхай штаб нийлүүлэлтийн нөхцөл, нөөцийн талаар мэдээллээ. Улсын хэмжээнд АИ-92 10 хоногийн 20,500 тонн, дизель 21 хоногийн 85,600 тонн нөөцтэй гэлээ.

Австралийн Нөөцийн банк бодлогын хүүгээ 4.6 хувьд хүргэж, 15 жилийн дээд түвшинд тогтоов
Инфляц таамгаас өндөр гарч, Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс шалтгаалан дэлхийн эрчим хүчний үнэ өссөн нь мөнгөний бодлогыг чангатгах гол шалтгаан болов.

"КАРЕК" хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс 19 төсөлд $1.5 тэрбумын хөрөнгө оруулалт татжээ
Монгол Улс 2026 онд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны “КАРЕК” хөтөлбөрийг ахалж, 25 жилийн ойн цуврал арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.