Нийслэл 2027 онд онцгой байдлын салбарын хөрөнгө оруулалтад ₮17 тэрбум гаруйг төсөвлөжээ
Гал сөнөөгчдийн хөдөлмөр хамгааллын хувцсыг цэвэрлэх, хатаах, ариутгах тоног төхөөрөмж болон амьсгалын төхөөрөмж цэнэглэх машинд 4.5 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Нийслэлийн 2027 оны төсвийн төсөлд гал сөнөөгчдийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх, гал түймэр унтраах, аврах ангийн барилга байгууламжид хөрөнгө оруулахаар тусгажээ.
Тодруулбал, гал сөнөөгчдийн хөдөлмөр хамгааллын хувцсыг цэвэрлэх, хатаах, ариутгах тоног төхөөрөмж худалдан авахад 1.3 тэрбум, амьсгалын төхөөрөмж цэнэглэх зориулалтын автомашинд 3.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Баянзүрх дүүргийн гал түймэр унтраах, аврах ангийн барилгын ажилд 6 тэрбум, Сонгинохайрхан дүүргийнхэд 2.2 тэрбум, Хан-Уул дүүргийнхэд 1.2 тэрбум төгрөг хуваарилахаар тусгажээ.
Түүнчлэн Нийслэлийн Онцгой байдлын газрын хяналтын төвд 3.3 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Эдгээр зургаан төсөл, арга хэмжээний санхүүжилт нь гал сөнөөгчдийн хөдөлмөрийн нөхцөл, аврах ажиллагааны бэлэн байдал болон нийслэлийн гамшгаас хамгаалах чадавхыг сайжруулахад чиглэж байгаа аж.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





