Ө.Шижир: Төрийн өмчит компаниудын төсөв, зарцуулалтыг шалгах түр хороо байгуулна
Түүний мэдээлснээр төрийн өмчит компаниуд 100 их наяд төгрөгийн балансын хөрөнгөтэй бөгөөд 2025 оны аудитын тайлангаар 8.4 их наяд төгрөгийн зөрчил илэрчээ. Түр хороо байгуулагдвал компаниудын ашиг, алдагдал, санхүүжүүлсэн төсөл хөтөлбөр болон хөрөнгийн зарцуулалтыг шалгах боломж бүрдэнэ. Энэ талаар УИХ-д нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд пүрэв гарагт “Төрийн өмчийн хулгай ба төсөв” сэдвээр мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанд парламентын хяналт шалгалт хийх санаачилга гаргаснаа мэдэгдлээ. Тэрбээр Хянан шалгах түр хороо байгуулах саналыг дэмжүүлэхээр УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн гэв.
Ө.Шижирийн мэдээлснээр, төрийн өмчит компаниуд нийт 100 их наяд төгрөгийн балансын хөрөнгөтэй бөгөөд 2025 онд төрийн өмчит 96 компанид хийсэн аудитаар 8.4 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн байна. Мөн эдгээр компанид 70 мянга орчим хүн ажиллаж, 2025 онд 1.8 их наяд төгрөгийн төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн гэж дурдав.
Түүний санал болгож буй түр хороо төрийн өмчит компаниудын сүүлийн 10 жилийн ашиг, алдагдал, төсөв, зардал, хөрөнгийн зарцуулалт болон ямар төсөл хөтөлбөрийг санхүүжүүлснийг шалгах чиглэлтэй байх аж. Шалгалтын үр дүнд УИХ-д нээлттэй сонсгол зохион байгуулж, компаниудын санхүүгийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд танилцуулах шаардлагатай гэж үзэж буйгаа тэрбээр илэрхийлэв.
УИХ өмнө нь төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой компаниудын үйл ажиллагааг шалгах Хянан шалгах түр хороод байгуулж байсан. Тухайлбал, 2023 онд нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт болон худалдан авалтын үйл ажиллагааг шалгах түр хороо байгуулж, нээлттэй сонсгол зохион байгуулж байв.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





