Шатахууны шуурхай штаб импортын саатал, нөөцийн мэдээллээ танилцуулж, хэрэглээгээ хэмнэхийг уриалав
Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан шатахууны шуурхай штаб нийлүүлэлтийн нөхцөл, нөөцийн талаар мэдээллээ. Улсын хэмжээнд АИ-92 10 хоногийн 20,500 тонн, дизель 21 хоногийн 85,600 тонн нөөцтэй гэлээ.

Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Шатахууны шуурхай штаб нийлүүлэлтийн нөхцөл, нөөцийн талаар мэдээлж, импортын саатал үргэлжилж буй энэ үед хэрэглээгээ хэмнэлттэй зохицуулахыг уриалав. Манай улс өнөөдөр түлш, шатахууныхаа хэрэглээг 100 хувь импортоор хангадаг гэдгийг штабынхан онцолсон юм. Дэлхий дахинд газрын тосны бүтээгдэхүүний хомсдол үргэлжилж буйг дурдан, зөв зохистой хэрэглээ шаардлагатай гэж тайлбарлалаа.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензин 20,500 тонн буюу ердийн хэрэглээний 10 хоногийн нөөцтэй байна. Дизель түлш 21 хоногийн 85,600 тонн нөөцтэй гэж мэдээлэв. Мөн АИ-95 автобензин 14 хоногийн, онгоцны түлш 23 хоногийн нөөцтэй байгааг танилцууллаа. Штабын мэдээллээр нөөцийн түвшин хэвийн мэт харагдавч нийлүүлэлтийн хугацаа сунжрах эрсдэл тулгарч байна.
Импортын урсгал дээр Оросын Холбооны Улсаас зарим ачилт саарч, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын шилжүүлэн ачих хугацаа уртассан нөхцөл үүссэнийг штабынхан хэллээ. Есдүгээр сарын 29-ний байдлаар 140 вагон буюу 8,400 тонн АИ-92 төмөр замаар тээвэрлэгдэж байгаа аж. Тээвэрлэгдэж буй бүтээгдэхүүнээс 49 вагоныг өртөөний агуулахад буулгаж байгаа гэж мэдээлэв. Тээврийн энэ явц богино хугацаанд зах зээлд нийлүүлэлт хийх боломж олгох ч өмнөх захиалгын хоцрогдол бүрэн арилаагүй гэдгийг хавсаргав.
Шатахууны шуурхай штабын тайлбарласнаар Оросын Холбооны Улсаас орж ирсэн бүтээгдэхүүн Сүхбаатар өртөөнөөс шууд вагонтойгоо орж ирдэг. Харин Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас 5,000 тонн АИ-92 орж ирж, Замын-Үүд өртөөнөөс шилжүүлэн ачсаар байна. Гэвч Оросын Холбооны Улсаас захиалсан АИ-92-оос 15,000 тонн нь Монгол Улсын хилээр хараахан нэвтрээгүй байгаа нь нийлүүлэлтийн эрсдлийг нэмэгдүүлж байгааг штаб онцоллоо. Импортын хоёр чиглэлд зэрэг хугацаа алдагдах нь дотоодын хангамжийн төлөвлөлтөд дарамт үүсгэж болохоор байна.
Энэ нөхцөлд штаб иргэд, хэрэглэгчдэд хандаж эрэлтээ тохируулахыг сануулж, “хэрэглээндээ таарсан байдлаар автобензин аваарай” гэж уриалав. Нөөцийн мэдээллийг бодитоор танилцуулж байгаа ч дэлхийн зах зээл дээрх хомсдол, тээвэр ложистикийн удаашрал зэрэг нь нийлүүлэлтийн тогтвортой байдалд шууд нөлөөлж буйг Ашигт малтмал, газрын тосны газрын төлөөлөл Д.Даваабаяр тайлбарласан байна. Шатахууны шуурхай штаб цаашид импортын явцыг өдөр тутам хянаж, мэдээллээ тухай бүр шинэчилнэ гэдгээ мөн дурдлаа.
Холбоотой мэдээ

Австралийн Нөөцийн банк бодлогын хүүгээ 4.6 хувьд хүргэж, 15 жилийн дээд түвшинд тогтоов
Инфляц таамгаас өндөр гарч, Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс шалтгаалан дэлхийн эрчим хүчний үнэ өссөн нь мөнгөний бодлогыг чангатгах гол шалтгаан болов.

"КАРЕК" хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс 19 төсөлд $1.5 тэрбумын хөрөнгө оруулалт татжээ
Монгол Улс 2026 онд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны “КАРЕК” хөтөлбөрийг ахалж, 25 жилийн ойн цуврал арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.



