Зайсангийн аманд зэрлэг буга хүн рүү дайрсан тохиолдол удаа дараа бүртгэгджээ
- Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд зэрлэг буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгдсэнтэй холбогдуулан Хамгаалалтын захиргаанаас иргэдэд анхааруулга гаргажээ.

Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд зэрлэг буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгдсэн тул тус газрын Хамгаалалтын захиргаанаас иргэд, аялагчдад аюулгүй байдлаа хангахыг анхааруулжээ.
Хамгаалалтын захиргааны мэдээлснээр буга нь зэрлэг амьтан учраас айж цочих, аюул мэдрэх үедээ өөрийгөө хамгаалах зорилгоор хүн рүү дайрах эрсдэлтэй. Ялангуяа хавар, намрын орооны үед эр буга сүргээ хамгаалах, өрсөлдөгчөө хөөх зэргээр түрэмгий зан авир гаргаж болзошгүй аж.
Мөн хүнээс хоол авч дассан буга хоол нэхэх, булаацалдах үедээ ойртсон хүнийг мөргөх эрсдэлтэй. Үүнээс гадна зураг авах, хүрэх зорилгоор хэт ойртох, амьтныг цочоох нь дайрах нөхцөл үүсгэдэг байна.
Иймд Зайсангийн ам болон Богдхан уулын орчимд зорчиж буй иргэдийг зэрлэг амьтдыг хооллох, хөөх, үргээх, барих, хүрэх оролдлого хийхгүй байхыг анхааруулжээ. Түүнчлэн зураг авахын тулд хэт ойртох, чулуу шидэх, цохих зэрэг амьтныг өдөөн хатгасан үйлдэл гаргахгүй байхыг зөвлөсөн байна.
Хэрэв буга догшин, тайван бус авир гаргавал ойртохгүй, аюулгүй зай барьж, тайван холдохыг Хамгаалалтын захиргаанаас анхааруулжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





