Алгоритмд суурилсан хедж сангуудын өгөөж S&P 500 индексийн өсөлтийг давлаа
Зах зээлийн хөдөлгөөнийг компьютерын алгоритмаар шинжилж арилжаа хийдэг хедж сангууд оны эхний есөн сард 15.7 хувийн өгөөж олжээ.

Хүний шийдвэрээс илүү компьютерын тооцоололд тулгуурлан арилжаа хийдэг хедж сангууд энэ онд АНУ-ын хувьцааны зах зээлийг давсан өгөөж үзүүлж байна.
Ийм сангуудыг тренд дагадаг сан буюу CTA гэж нэрлэдэг ба үндсэн зарчим нь харьцангуй энгийн. Компьютерын программ хувьцаа, бонд, газрын тос, валют зэрэг олон зах зээлийн мэдээллийг тасралтгүй шинжилж, ханш аль нэг чиглэлд тогтвортой хөдөлж эхэлсэн эсэхийг хайдаг.
Тухайлбал, газрын тосны ханш цааш өсөх хандлага ажиглагдвал өсөлтөөс ашиг олох арилжаа хийнэ. Харин бондын ханш буурах төлөв илэрвэл уналтаас ашиг олоход бооцоо тавьж болно.
Францын банкны “Societe Generale”-ийн тооцдог SG CTA индекс оны эхний есөн сард 15.7 хувийн өсч, АНУ-ын голлох S&P 500 индексийн 11.7 хувиар өсөлтийг давжээ.
Газрын тос, ам.доллар, бондын хөдөлгөөнийг зөв таарууллаа
Алгоритмд суурилсан сангуудын өгөөж өсөхөд энэ жилийн зах зээлийн хэд хэдэн том хөдөлгөөн нөлөөлжээ.
Тухайлбал, Ираны дайн эхлэхээс өмнө зарим CTA сан газрын тосны ханш өснө гэж тооцон арилжаа хийсэн байна. Мөн ам.долларын ханшийн өсөлтөөс ч ашиг олжээ.
Түүнчлэн есдүгээр сард дэлхийн бондын зах зээл огцом савлах үед ч эдгээр сан бондын ханш буурна гэсэн байр суурь эзэлсэн байв. Өөрөөр хэлбэл, бондын ханш буурахад ашиг олох арилжаа хийсэн гэсэн үг.
“Dynamic Beta Investments”-ийн ТУЗ-ийн гишүүн Эндрю Бирийн хэлснээр алгоритмд суурилсан сангууд энэ жил зах зээлд давамгайлсан хоёр том өөрчлөлтийг зөв барьжээ.
Нэг талд хиймэл оюуны өсөлттэй холбоотойгоор хувьцааны зах зээлд өөдрөг хүлээлт нэмэгдсэн бол нөгөө талд газрын тосны ханш, инфляц болон хүүний талаарх болгоомжлол өссөн байна.
Бирийн үзэж буйгаар компьютерын давуу тал нь зах зээлийн хөдөлгөөнийг хүний айдас, хэт өөдрөг хүлээлт зэрэг сэтгэл хөдлөлөөс ангид шинжилдэг ажээ.
Яагаад хөрөнгө оруулагчдад сонирхолтой вэ?
Ердийн хөрөнгө оруулагчид эрсдэлээ тараахын тулд хувьцаа болон бондыг хослуулан эзэмших нь түгээмэл. Хувьцааны ханш буурахад бонд харьцангуй тогтвортой байж, алдагдлыг тодорхой хэмжээнд нөхнө гэсэн зарчим үйлчилдэг.
Гэвч энэ онд хувьцаа болон бондын зах зээл зарим үед нэг чиглэлд хөдөлсөн нь ийм хамгаалалтыг сулруулжээ.
Харин CTA сангууд зах зээл заавал өсөхийг хүлээдэггүй. Газрын тос, валют, хувьцаа эсвэл бондын ханш өссөн ч, буурсан ч тухайн чиг хандлагыг зөв тодорхойлж чадвал ашиг олох боломжтой.
Оны үлдсэн хугацаанд эдгээр сангийн гүйцэтгэл газрын тосны ханш болон хүүний хөдөлгөөнөөс ихээхэн хамаарна гэж “Mast Investments”-ийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Юн-Шин Кун үзэж байна.
Гэхдээ нэг эрсдэл бий. Одоогоор зарим CTA сангийн арилжаа цөөн хэдэн том трендэд төвлөрөөд байгаа тул зах зээлийн чиглэл гэнэт өөрчлөгдвөл өмнөх өндөр өгөөж хурдан буурах эрсдэлтэйг Кун анхааруулжээ.
Холбоотой мэдээ

"Өсөлтийн хөшүүрэг - Өрхийн санхүү" арга хэмжээ аравдугаар сарын 8-нд болно
“Апекс Капитал ҮЦК” компани өрхийн санхүү, хуримтлал, хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд чиглэсэн “Өсөлтийн хөшүүрэг — Өрхийн санхүү” арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

Трамп татваргүй дизелийн хэрэглээг түр өргөжүүлж, шатахууны зардлыг бууруулахаар зорьж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хөдөө аж ахуй болон замаас гадуурх зориулалтаар ашигладаг татваргүй улаан өнгийн дизелийг ачааны автомашинд түр хугацаанд ашиглахыг зөвшөөрөв.

Алгоритм, хиймэл оюунд тулгуурласан CTA стратегиуд энэ жил хөрөнгийн зах зээлийг давж байна
Компьютероор удирдуулсан CTA стратегиуд зах зээлийн огцом хөдөлгөөнийг оноож, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татлаа Societe Generale-ийн SG CTA Index гуравдугаар улирал дуусталх есөн сард 15.

Дэлхийн банк Зүүн Ази, Номхон далайн эдийн засгуудын өсөлт хиймэл оюуны экспортод хэт түшиглэж байгааг анхаарууллаа
Дэлхийн банк хиймэл оюунтай холбоотой бүтээгдэхүүний экспорт эрчимжиж байгааг харгалзан Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн өсөлтийн төлөвөө 4.5 хувьд хүргэж, өмнөхөөс 0.

Японы Төв банк тус улсын суурь инфляц 2 хувьд хүрсэн гэж дүгнэж магадгүй
Японы Төв банк тус улсын шинэ хүнсний үнийг хасч тооцсон суурь инфляцын түвшин 2 орчим хувьд хүрсэн гэж дүгнэж магадгүй талаар эх сурвалжууд даваа гарагт мэдээлжээ.
