Трамп татваргүй дизелийн хэрэглээг түр өргөжүүлж, шатахууны зардлыг бууруулахаар зорьж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хөдөө аж ахуй болон замаас гадуурх зориулалтаар ашигладаг татваргүй улаан өнгийн дизелийг ачааны автомашинд түр хугацаанд ашиглахыг зөвшөөрөв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрсэнтэй холбоотойгоор татвараас чөлөөлөгдсөн улаан өнгийн дизелийн хэрэглээг түр хугацаанд өргөжүүлэх захирамжид даваа гарагийн орой гарын үсэг зурлаа.
Улаан өнгийн дизелийг ердийн үед газар тариалангийн техник, барилгын машин механизм болон нийтийн эзэмшлийн замаас гадуур ажилладаг бусад тээврийн хэрэгсэлд ашигладаг. Ийм түлшинд авто замын зориулалттай дизелийн галлон тутамд ногдуулдаг 24.4 центийн холбооны татвар үйлчилдэггүй аж.
Харин нийтийн эзэмшлийн замд зорчиж буй автомашинд татваргүй дизель ашиглах нь хууль бус бөгөөд татвараас зайлсхийсэн үндэслэлээр торгууль ногдуулах боломжтой байдаг. Гэвч шатахууны үнэ огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор АНУ-ын хэд хэдэн муж энэ онд уг хязгаарлалтаа сулруулжээ.
Трампын захирамжаар ачааны машины жолооч, фермерүүд татваргүй дизелийг өргөн хүрээнд түр ашиглах боломжтой болж байна. Цагаан ордны мэдээлснээр уг зохицуулалт ачааны машины нэг удаагийн түлш дүүргэлтээс 100 гаруй ам.доллар хэмнэх боломжтой.
АНУ-д дизелийн улсын дундаж үнэ есдүгээр сард түүхэнд анх удаа галлон тутамдаа 6 ам.доллар давсан. Украин болон Ираны дайнаас үүдсэн түлшний нийлүүлэлтийн тасалдал тээврийн зардлыг нэмэгдүүлж, шатахууны үнийн өсөлтийг эрчимжүүлжээ.
Эрчим хүчний зөвлөх “Rapidan Energy” компанийн ерөнхийлөгч Боб Макнэллигийн тооцоогоор америкчууд бензин болон дизель түлшинд жилийн өмнөхөөс өдөр бүр ойролцоогоор 700 сая ам.доллараар илүү зарцуулж байна.
Трампын захирамж мөн АНУ-ын Сангийн сайдад авто замын зориулалттай дизелийн холбооны онцгой албан татварыг 2026 оны эцэс хүртэл хүү, торгуульгүйгээр хойшлуулах чиглэл өгчээ. Үүнээс гадна хойшлуулсан татварыг цаашид бүрэн төлүүлэхгүй байх боломжийг судлахыг Сангийн яаманд үүрэг болгосон байна.
Трампын засаг захиргаа Украин дахь дайнтай холбоотой дэлхийн нийлүүлэлтийн хомсдол болон боловсруулах үйлдвэрийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа нь дизелийн үнэ, улмаар өрхийн зардлыг өсгөж буй гол хүчин зүйлсийн нэг гэж тайлбарлав.
Үүний зэрэгцээ “Их долоо” бүлгийн гишүүн орнууд дизель болон газрын тосны стратегийн нөөцөөсөө нийт 100 сая баррель зах зээлд нийлүүлэхээр тохиролцжээ. Уг шийдвэрээс өмнө Трамп АНУ-аас дизель экспортлохыг хориглох боломжийг хөндөж байсан юм.
Холбоотой мэдээ

"Өсөлтийн хөшүүрэг - Өрхийн санхүү" арга хэмжээ аравдугаар сарын 8-нд болно
“Апекс Капитал ҮЦК” компани өрхийн санхүү, хуримтлал, хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд чиглэсэн “Өсөлтийн хөшүүрэг — Өрхийн санхүү” арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

Алгоритм, хиймэл оюунд тулгуурласан CTA стратегиуд энэ жил хөрөнгийн зах зээлийг давж байна
Компьютероор удирдуулсан CTA стратегиуд зах зээлийн огцом хөдөлгөөнийг оноож, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татлаа Societe Generale-ийн SG CTA Index гуравдугаар улирал дуусталх есөн сард 15.

Алгоритмд суурилсан хедж сангуудын өгөөж S&P 500 индексийн өсөлтийг давлаа
Зах зээлийн хөдөлгөөнийг компьютерын алгоритмаар шинжилж арилжаа хийдэг хедж сангууд оны эхний есөн сард 15.7 хувийн өгөөж олжээ.

Дэлхийн банк Зүүн Ази, Номхон далайн эдийн засгуудын өсөлт хиймэл оюуны экспортод хэт түшиглэж байгааг анхаарууллаа
Дэлхийн банк хиймэл оюунтай холбоотой бүтээгдэхүүний экспорт эрчимжиж байгааг харгалзан Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн өсөлтийн төлөвөө 4.5 хувьд хүргэж, өмнөхөөс 0.

Японы Төв банк тус улсын суурь инфляц 2 хувьд хүрсэн гэж дүгнэж магадгүй
Японы Төв банк тус улсын шинэ хүнсний үнийг хасч тооцсон суурь инфляцын түвшин 2 орчим хувьд хүрсэн гэж дүгнэж магадгүй талаар эх сурвалжууд даваа гарагт мэдээлжээ.
