Флоридад Трампын Мар-а-Лагогийн ойролцоо бизнес онгоц осолдож, 9 хүн амиа алдав
Остин хотоос Бахам руу нисч явсан Learjet 60 онгоц Палм Бич тойргийн суурьшлын бүсэд унаж, онгоцонд байсан бүх хүн нас барсан бөгөөд FAA, NTSB шалгаж байна.

АНУ-ын Флорида мужийн Палм Бич тойрогт Ням гарагт (11 сарын 1) Learjet 60 загварын бизнес ангиллын онгоц суурьшлын бүсэд унаж, онгоцонд байсан есөн хүн бүгд амиа алджээ. Осол Ерөнхийлөгч Дональд Трампын Мар-а-Лаго цогцолбороос 11 км хүрэхгүй зайд, Крестхэвен орчимд гарсан байна.
АНУ-ын Тээврийн сайд Шон Даффи ослыг «аймшигт эмгэнэлт явдал» гэж нэрлээд, онгоцонд байсан есөн хүн бүгд нас барсныг баталсан. Түүний хэлснээр онгоц Техас мужийн Остин хотоос хөөрч, Бахамын арлууд руу нисч явжээ. Олон нийтийн сүлжээнд тарсан бичлэгт онгоц бараг босоо чиглэлээр өндөр хурдтай газар мөргөж, хүчтэй гал гарсан нь харагдаж байна.
AFP-ийн мэдээлснээр, Трамп тухайн өдөр Мар-а-Лагод байсан бөгөөд ослоос нэг цаг орчмын өмнө, орон нутгийн цагаар 11:55-д нисэх онгоцны буудлаас ерөнхийлөгчийн онгоцоор хөөрсөн байна. Тухайн үед бүс нутагт салхи шуургатай, бороотой байжээ.
АНУ-ын Холбооны нислэгийн захиргаа (FAA), Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл (NTSB) ослын шалтгааныг хамтран шалгаж байна.
Флорида дахь Трампын гэрийн ойролцоо онгоц осолдоход 9 хүн амиа алдаж, их хэмжээний гал гарчээ ikon.mn/n/3rf5 via @ikonnews
X дээр үзэхШинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





