Чихэр идэхийн оронд хөрөнгө оруулах цаг: Элсэн чихрийн үнэ он гарсаар 20%-аар өслөө
Элсэн чихрийн ханш наймдугаар сарын арилжаагаар нийт 21.5 хувиар өсч, 2010 оны аравдугаар сард 24 хувиар нэмэгдсэнээс хойших хамгийн өндөр өсөлтөө үзүүллээ. Ингэснээр тус баваарын түүхий эдийн ханш он гарсаар 20 орчим хувиар чангарч, АНУ-ын голлох S&P 500 индексийн 13 орчим хувийн өсөлтийг давжээ. “Citi” баваарын түүхий эдүүдээс элсэн чихрийн ханш өсөх төлөвт хамгийн өндөр итгэлтэй буйгаа илэрхийлж, гурван сарын зорилтот ханшаа фунт тутамд 19 цент болгон нэмэгдүүлжээ.

Элсэн чихрийн ханш наймдугаар сарын арилжаагаар нийт 21.5 хувиар өсч, 2010 оны аравдугаар сард 24 хувиар нэмэгдсэнээс хойших хамгийн өндөр өсөлтөө үзүүллээ. Ингэснээр тус баваарын түүхий эдийн ханш он гарсаар 20 орчим хувиар чангарч, АНУ-ын голлох S&P 500 индексийн 13 орчим хувийн өсөлтийг давжээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн яамны хүнсний үнийн индекс мөн наймдугаар сард өссөн ба үүнд элсэн чихрийн ханш нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Тус яамны зүгээс Европын Холбоонд цаг агаар таагүй нөхцөлөөс шалтгаалан чихрийн манжингийн ургац буурах төлөвтэй байгаа, Эль Ниньо Азийн томоохон үйлдвэрлэгчдийн гарцад эрсдэл учруулж буй, Бразилын үйлдвэрлэл багассан, мөн Энэтхэг түүхий элсэн чихрийг татваргүй импортлохоор болсныг өсөлтийн гол шалтгаануудаар нэрлэв.
Европын үйлдвэрлэл энэ онд 19 хувиар буурах төлөвтэй байна Түүхий эдийн зах зээлийн мэдээлэл, судалгааны “Barchart”-ийн захирал Уильям Оснатогийн CNBC-д өгсөн тайлбараар энэ оны зун Европт хэт халалт тохиож, чихрийн манжингийн ургацад хохирол учруулсан нь ханшид нөлөөлсөн хамгийн том богино хугацааны хүчин зүйлсийн нэг болжээ. Үүний зэрэгцээ Европын Комиссын хамгийн сүүлийн тооцооллоор Европын Холбооны элсэн чихрийн үйлдвэрлэл 2026/27 оны маркетингийн жилд 13.4 сая тоннд хүрч, өмнөх оноос 19 хувиар буурах төлөвтэй байна. Түүнчлэн дэлхийн зах зээлд нийлүүлэлтийн хомсдол үүсэх тооцоо ч нэмэгдэж эхэлжээ. Тодруулбал, АНУ-ын “Citi” банк дэлхийн элсэн чихрийн нийлүүлэлтийн хомсдол энэ онд 1.3 сая тоннд хүрнэ гэж тооцсон бол түүхий эдийн судалгааны “Green Pool Commodity Specialists” 3.2 сая тоннд хүрнэ гэж үзсэн буй. “Citi”-ийн шинжээчид биржээр арилжаалагддаг баваарын түүхий эдүүдээс элсэн чихрийн ханш өсөх төлөвт хамгийн өндөр итгэлтэй буйгаа илэрхийлж, гурван сарын зорилтот ханшаа фунт тутамд 19 цент болгон нэмэгдүүлжээ. Нөөц хумигдаж буйн зэрэгцээ Энэтхэгийн гэнэтийн импортын шийдвэр, Энэтхэг, Тайланд, Евро бүсийн цаг агаарын нөхцөл муудаж буйг банк гол үндэслэлээр нэрлэсэн байна.
Эль Ниньо дараагийн ургацын гол эрсдэл болж байна Уильям Оснатогийн үзэж буйгаар цаашдын нийлүүлэлтэд тулгарч буй хамгийн том эрсдэл нь Эль Ниньо юм. Бразил, Энэтхэг болон Тайланд нийлээд дэлхийн элсэн чихрийн нийт экспортын 70 орчим хувийг бүрдүүлдэг тул эдгээр улсын ургацад гарч буй өөрчлөлт олон улсын зах зээлийн нийлүүлэлтэд хүчтэй нөлөөлдөг аж. АНУ-ын хөрөнгө оруулалтын “Goldman Sachs” банкны тооцоолсноор тариалалтын үеийн ган гачиг чихрийн нишингийн ургацыг бууруулах боломжтой бол хураалтын үеийн хэт их бороо тариалангийн ажлыг саатуулж, нишингийн чихрийн агууламжийг багасгах эрсдэлтэй байна. Мөн Энэтхэгийн элсэн чихэр үйлдвэрлэдэг гол бүсүүдэд олон жилийн дунджаас харьцангуй бага хур тунадас оржээ. Муссоны бороо сул байх нь усан сангийн нөөцийг багасгаж, их хэмжээний ус шаарддаг чихрийн нишингэ дараагийн улиралд тариалах сонирхлыг фермерүүдийн дунд бууруулах эрсдэлтэй байдаг. Түүнчлэн Тайландад ч Номхон далайн ус ердийнхөөс дулаан байгаа нь хур тунадасны тогтворгүй байдал, усны хомсдол дагуулах төлөвтэй байгаа юм. Бразил этанолын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжтой Дэлхийн элсэн чихрийн экспортын тал орчим хувийг дангаар бүрдүүлдэг Бразилд өөр нэг хүчин зүйл нийлүүлэлтийн төлөвт нөлөөлж байна. Тодруулбал, тус улсын үйлдвэрүүд зах зээлийн өгөөжөөс хамааран чихрийн нишингээ элсэн чихэр эсвэл этанол үйлдвэрлэхэд ашиглах боломжтой. Гэвч газрын тосны ханш баррель тутамдаа 90 ам.доллароос давсан үед этанол үйлдвэрлэх эдийн засгийн сонирхол нэмэгдэж, экспортод гаргах элсэн чихрийн хэмжээ буурах боломжтойг Америкийн Элсэн чихрийн холбооны эдийн засаг, бодлогын шинжилгээ хариуцсан захирал Роб Йоханссон CNBC-д тайлбарлажээ. Түүнчлэн “Goldman Sachs”-ийн шинжилгээгээр Эль Ниньотой холбоотой ган гачиг эрдэнэ шишийн ургацыг сулруулбал этанолын үйлдвэрлэлд илүү их чихрийн нишингэ ашиглаж, экспортод нийлүүлэх элсэн чихрийн хэмжээг цаашид хязгаарлаж болзошгүй юм. Гэхдээ Бразилд борооны улмаас саатсан ургац хураалт талбай хатсаны дараа эрчимжиж, үйлдвэрлэлийн тодорхой хэсгийг нөхөх боломжтой. Хэрэв энэ хувилбар биелбэл дэлхийн нийлүүлэлт нэмэгдэж, ханшийн өсөлтийг сааруулах гол хүчин зүйлсийн нэг болохыг Оснато онцолжээ.
Энэтхэг долоон жилийн дараа импортын зах зээлд эргэн орлоо Бразилын дараа дэлхийн хоёр дахь том элсэн чихэр үйлдвэрлэгч Энэтхэг улс саяхан нэг сая тонн түүхий элсэн чихрийг татваргүй импортлох зөвшөөрөл олгосон байна. Засгийн газар үйлдвэрлэл буурч, улирлын эрэлт болон дотоодын үнэ өссөн үед нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор уг шийдвэрийг гаргаснаа мэдэгджээ. Энэтхэг өмнөх хоёр ургацын улиралд хүлээлтээс сул үзүүлэлттэй байсан бөгөөд 2017-2018 оны улирлаас хойш анх удаа импортын ийм зөвшөөрөл олгож буйг Оснато онцлов. Тус улс экспортдоо хязгаарлалт тавихын зэрэгцээ олон улсын зах зээлээс худалдан авагч болж байгаа нь бусад импортлогчдод ногдох нийлүүлэлтийг хумих эрсдэлтэй. “Citi”-ийн шинжээч Аркадий Геворкяны дүгнэснээр Бразил дэлхийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх гол нийлүүлэгч хэвээр байна. Гэвч тус улсын ургац хураалтын үлдсэн хугацаанд цаг агаарын нөхцөл байдал голлон нөлөөлөхөөр байгаа юм.
⸻
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





