Шатахуун хадгалах 3000 шоо метр багтаамжтай агуулах ашиглалтад орлоо
“Морьт Говь Ойл” ХХК-ийн шинээр барьсан, 3,000 шоо метрийн багтаамжтай газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах арваннэгдүгээр сарын 13-нд ашиглалтад оржээ.

Нэг бүр нь 1,000 шоо метр багтаамжтай гурван сав бүхий 3,000 шоо метр газрын тосны бүтээгдэхүүн хадгалах хүчин чадалтай“Морьт Говь Ойл” ХХК-ийн шинээр барьсан газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахыг өнөөдөр ашиглалтад оруулжээ. Шинэ агуулах ашиглалтад орсноор шатахууны импортын нийлүүлэлт түр хугацаанд саатах үед дотоодын нөөцөөс хэрэглээг хангах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж тус яам үзэж байна.
Шатахууны 3–6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт газрын тосны бүтээгдэхүүний нөөц хадгалах хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлж, 3–6 сарын хэрэглээг хангах хэмжээний нөөц бүрдүүлэх зорилт тусгасан.
Энэ хүрээнд улсын хэмжээнд нийт 300 мянган шоо метрийн багтаамжтай агуулах, сав шинээр барих болон одоо байгаа байгууламжуудыг өргөтгөх ажлыг хэрэгжүүлж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам арилжааны банкуудтай хамтран аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт авах боломж бүрдүүлснээр 18 аж ахуйн нэгжийн 22 байршилд агуулах барих, өргөтгөх ажил хэрэгжиж байгаа аж.
Монгол Улсын шатахууны хангамж импортын нийлүүлэлтээс хамаардаг тул нөөц хадгалах багтаамж нь нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах чухал хүчин зүйл гэж албаныхан тайлбарладаг.
Агуулах, савны хүчин чадал нэмэгдсэнээр импортын шатахууныг урьдчилан нөөцлөх, нийлүүлэлтийн түр зуурын саатлын үед зах зээлд нийлүүлэх боломж өргөжинө. Энэ нь шатахуун түгээх станцуудын тасралтгүй ажиллагаа, тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуй болон бусад салбарын үйл ажиллагаанд ач холбогдолтой.
Гэхдээ агуулахын багтаамж нэмэгдэх нь шатахууны хомсдол бүрэн арилна гэсэн үг биш. Нийлүүлэлтийн тогтвортой байдал нь импортын хэмжээ, төмөр замын тээвэр, вагон буулгах хүчин чадал, шатахууны бодит нөөц болон түгээлтийн зохион байгуулалтаас мөн хамаарна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





