Зэсийн ханш огцом буурч, сүүлийн долоон сарын доод түвшинд хүрлээ
Лондоны металлын биржийн мэдээллээр зэсийн гурван сарын хугацаатай фьючерс тав дахь өдрөө дараалан буурч, 3.4 хувиар унан, тонн тутамдаа 12,772.50 ам.доллар болжээ.

Зэсийн ханш дэлхийн зах зээлд лхагва гарагийн арилжаагаар огцом буурч, сүүлийн долоон сарын доод түвшинд хүрлээ. Лондоны металлын биржийн мэдээллээр зэсийн гурван сарын хугацаатай фьючерс тав дахь өдрөө дараалан буурч, 3.4 хувиар унан, тонн тутамдаа 12,772.50 ам.доллар болжээ. Арилжааны явцад ханш 12,673 ам.доллар хүртэл буурсан байна.
Зэсийн ханш буурахад АНУ-ын инфляцын эрсдэл, ам.долларын ханшийн өсөлт болон хөрөнгө оруулагчдын борлуулалт голлон нөлөөлжээ. Тодруулбал, АНУ-д инфляц хөөрөгдөж, бодлогын хүү нэмэгдэж болзошгүй гэсэн болгоомжлол зах зээлд давамгайлж буй.
Үүний зэрэгцээ ам.долларын ханш сүүлийн 19 сарын дээд түвшний ойролцоо байгаа нь зэсийн эрэлтэд сөргөөр нөлөөлж байгаа юм. Учир нь зэсийг олон улсын зах зээлд ам.доллароор арилжаалдаг тул ам.доллар чангарах үед бусад улсын худалдан авагчдад зэс илүү үнэтэй тусдаг.
Үүнээс гадна зэсийн ханш тодорхой түвшнээс доош унаснаар компьютерын программаар автоматаар арилжаа хийдэг хөрөнгө оруулалтын сангууд зэсийн гэрээгээ их хэмжээгээр зарж эхэлжээ. Ингэснээр зах зээлд борлуулалт нэмэгдэж, ханшийн уналт улам эрчимжсэн байна.
Данийн “Saxo Bank” банкны түүхий эдийн стратегийн хэлтсийн дарга Оле Хансенгийн үзэж буйгаар инфляц болон зээлийн хүү өсөх эрсдэл хөрөнгө оруулагчдыг зэсийн зах зээлд болгоомжтой хандахад хүргэжээ. Түүнчлэн хиймэл оюуны салбарын компаниудын хувьцааны ханш сүүлийн үед буурсан нь зэсийн борлуулалтыг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн ч ханшийн уналтын гол шалтгаан биш гэдгийг тайлбарлав.
Хиймэл оюуны дата төвүүдийн бүтээн байгуулалт зэсийн эрэлтийг нэмэгдүүлэх гол хүчин зүйлсийн нэг болдог. Гэвч технологийн компаниудын хувьцааны ханшийн сүүлийн үеийн уналт дата төвүүдийн цаашдын өсөлт, өгөөжид эргэлзээ төрүүлж буй. Нөгөө талаас, дэлхийн хамгийн том зэс хэрэглэгч Хятадад импортын зэсийн өртөг тонн тутамдаа 360 ам.долларт хүрч, түүхэн дээд түвшинд тогтжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





