Өнөөдөр Дэлхийн сайхан сэтгэлийн өдөр тохиож байна
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 13-нд тэмдэглэдэг Дэлхийн сайхан сэтгэлийн өдөр өнөөдөр 28 дахь жилдээ тохиож байна.

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 13-нд дэлхий даяар World Kindness Day буюу Дэлхийн сайхан сэтгэлийн өдрийг тэмдэглэж байна. Энэхүү өдөр нь хүмүүсийг бусдад энэрэнгүй хандах, харилцан хүндлэл үзүүлэх, сайн үйлсийг өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болгоход уриалдаг олон улсын санаачилга юм.
Дэлхийн сайхан сэтгэлийн өдрийг 1998 оны арваннэгдүгээр сарын 13-нд анх тэмдэглэжээ. Үүнээс нэг жилийн өмнө буюу 1997 онд Японы Токио хотод олон орны сайн үйлсийн байгууллагууд цугларч, “World Kindness Movement” хөдөлгөөнийг байгуулах санаачилга гаргасан түүхтэй. Улс төр, шашны аливаа байгууллагаас хараат бус тус хөдөлгөөн нь хүмүүс болон улс орнуудын хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг дэмжих зорилготой.
Дэлхийн сайхан сэтгэлийн өдөр нь зөвхөн бусдад туслах тухай бус, хүний сэтгэл зүйн сайн сайхан байдалтай ч холбоотой. АНУ-ын Калифорнийн их сургуулийн Лос-Анжелес дахь салбарын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн профессор Роберт Ким-Фарлигийн тайлбарласнаар бусдад ямар нэгэн хариу нэхэлгүй туслах нь зөвхөн тусламж авч буй хүнд төдийгүй сайн үйл хийж буй хүний аз жаргал, сэтгэл ханамжид эергээр нөлөөлөх боломжтой.
Түүнчлэн ЮНЕСКО-гийн Махатма Гандигийн нэрэмжит Боловсролын хүрээлэнгээс бусдыг ойлгох, энэрэнгүй хандах чадварыг нийгэм-сэтгэл хөдлөлийн сургалтаар хөгжүүлэх боломжтойг онцолжээ. Ийм сургалт нь хүүхэд, залуусыг өөрийн сэтгэл хөдлөлийг таньж удирдах, бусдын нөхцөл байдлыг ойлгох, эерэг харилцаа тогтооход дэмжлэг үзүүлдэг байна.
Энэ өдрийг тохиолдуулан олон улсын байгууллагууд сайн дурын ажилд оролцох, ахмад настнууд болон тусламж хэрэгтэй хүмүүст дэмжлэг үзүүлэх, ойр дотнын хүмүүстээ талархлаа илэрхийлэхийг уриалж байна. Сайхан сэтгэлийг зөвхөн нэг өдөр бус, өдөр тутмын энгийн үйлдлээр илэрхийлэх нь уг санаачилгын гол зорилго юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





