Сэтгэл зүйчид хүний "otrovert" хэмээх шинэ зан төлөвийг судалж байна
АНУ-ын сэтгэцийн эмч Рами Камински нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог ч аливаа бүлэгт харьяалагдах хэрэгцээ бага хүмүүст зориулан “otrovert” гэх нэр томьёог дэвшүүлжээ.

АНУ-ын сэтгэцийн эмч Рами Камински хүний зан төлөвийг тайлбарлах “otrovert” гэх шинэ нэр томьёог дэвшүүлсэн нь сэтгэл судлалын салбарт хэлэлцүүлэг өрнүүлж байна. Уг ойлголт нь бусадтай чөлөөтэй харилцаж, нийгмийн үйл ажиллагаанд оролцдог боловч тодорхой бүлэг, хамт олон, нийгмийн хүрээлэлд харьяалагдах хүчтэй хэрэгцээ мэдэрдэггүй хүмүүсийг тодорхойлдог.
Камински олон жилийн турш өвчтөнүүдийнхээ зан төлөвийг ажиглахдаа нийгмийн харилцааны чадвар сайтай хэр нь бүлгийн нэг хэсэг гэдгээ мэдрэхэд хүндрэлтэй хүмүүсийг анзаарчээ. Тэрбээр өөрийн ажиглалтад үндэслэн 2025 онд хэвлүүлсэн “The Gift of Not Belonging: How Outsiders Thrive in a World of Joiners” номдоо уг ойлголтыг танилцуулсан юм.
“Otrovert” хүмүүс юугаараа ялгаатай вэ? Интроверт хүмүүс ихэвчлэн тайван орчин, ганцаараа өнгөрүүлэх цагийг илүүд үздэг бол экстраверт хүмүүс бусадтай харилцахаас эрч хүч авах хандлагатай. Харин “otrovert” гэх ойлголт нь тухайн хүний хэр нийтэч байхаас илүүтэй бүлэгт харьяалагдах мэдрэмж, хэрэгцээнд төвлөрдөг.
Каминскийн тайлбарласнаар ийм хүмүүс олон нийтийн арга хэмжээнд оролцож, бусадтай нөхөрсөг харилцаж чаддаг. Гэвч бүлгийн нийтлэг үзэл бодол, уламжлал, хүлээлтийг заавал дагах шаардлага мэдэрдэггүй. Тэд хувийн бие даасан байдал, өөрийн үнэт зүйл, үзэл бодлыг хадгалахад илүү ач холбогдол өгдөг.
АНУ-ын “Cleveland Clinic” эмнэлгийн байгууллагын тайлбарласнаар “otrovert” шинжтэй гэж тодорхойлогдож буй хүмүүс бусадтай харилцахаас зайлсхийдэг гэсэн үг биш. Харин нийгмийн харилцаанд оролцохдоо бүлгийн зөвшөөрөл, хүлээн зөвшөөрөлтөөс төдийлөн хамаардаггүйгээрээ онцлог аж.
Шинжлэх ухаанаар батлагдсан шинэ хэв шинж мөн үү? “Оtrovert” гэх ойлголт олон нийтийн анхаарлыг татаж байгаа ч сэтгэл судлалын шинжлэх ухаанд бие даасан хувь хүний хэв шинж гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй байна.
“Cleveland Clinic”-ийн энэ оны дөрөвдүгээр сард нийтэлсэн тайлбарт уг ойлголт шинжлэх ухааны нарийвчилсан судалгаагаар хараахан батлагдаагүйг онцолжээ. Түүнчлэн Бизнесийн сэтгэл судлалын холбооны 2025 оны есдүгээр сарын дүгнэлтээр “otroversion”-ийг бусад зан төлөвийн шинжээс ялган нотолсон, хөндлөнгийн хяналттай судалгаа болон стандарт хэмжүүр байхгүй байна.
Мичиганы их сургуулийн сэтгэл судлал, сэтгэцийн эмгэг судлалын профессор Эйдан Райт ийм шинжтэй хүмүүс бодитой оршдог ч тэднийг цоо шинэ, тусдаа ангилал гэж үзэх үндэслэл хангалтгүй хэмээн тайлбарлажээ. Түүний үзэж буйгаар уг зан төлөв нь хүний хувийн шинж чанаруудын тодорхой хослол байх магадлалтай аж.
Орчин үеийн сэтгэл судлалд хүний зан төлөвийг нээлттэй байдал, хариуцлагатай байдал, экстраверс, бусадтай эвсэг харилцах байдал, сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал гэсэн таван үндсэн хэмжээсээр тайлбарлах “Big Five” загварыг өргөн ашигладаг. Энэ хүрээнд хүмүүсийг хатуу заагтай төрөлд хуваахаас илүүтэй шинж чанар бүрийн үргэлжилсэн хэмжээсээр үнэлдэг.
Иймээс “otrovert” нь өөрийгөө болон бусадтай харилцах хэв маягаа ойлгоход хэрэгтэй нэр томьёо байж болох ч шинжлэх ухаанаар баталгаажсан шинэ ангилал гэж үзэхэд эрт байна.
Холбоотой мэдээ





