Тариаланчдын ургац алдах эрсдэлийг даатгалаар хамгаалах хуулийн төсөл өргөн барилаа
УИХ-ын 19 гишүүн тариалангийн салбарын байгалийн гамшгаас үүдэлтэй эрсдэлийг бууруулах зорилгоор "Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай" хуулийн төсөл боловсруулжээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, С.Замира, П.Мөнхтулга, Д.Үүрийнтуяа, Д.Цогтбаатар, С.Цэнгүүн нар "Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай" хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүллээ. Уг төсөл нь ган, үер, мөндөр зэрэг байгалийн гамшгаас шалтгаалсан ургацын эрсдэлийг даатгалын механизмаар бууруулж, тариаланчдын орлогыг хамгаалах зорилготой.
Төсөл санаачлагчдын мэдээлснээр, Монгол Улсад жил бүр 15 мянга орчим өрх, 1,500 аж ахуйн нэгж 600 мянга гаруй га талбайд тариалан эрхэлдэг. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын эрс тэс үзэгдэл болон зах зээлийн хэлбэлзэл нь үйлдвэрлэлийн тогтвортой байдал, хүнсний хангамжид эрсдэл учруулсаар байна.
Ургацын хохирлыг талбай бүрд үнэлэхгүй, индексээр тооцно
Хуулийн төслөөр тариаланчдын хохирлыг талбай бүрд тусгайлан үнэлэхийн оронд албан ёсны, тогтмол хэмжигддэг индексийн үзүүлэлтэд үндэслэн даатгалын нөхөн төлбөрийг тодорхойлох аж.
Өөрөөр хэлбэл, гэрээнд заасан индекс тодорхой босго давсан тохиолдолд нөхөн төлбөр олгох механизмыг бүрдүүлэхээр тусгажээ. Ингэснээр хохирлын үнэлгээ хийх хугацаа, зардлыг бууруулах боломжтой гэж үзсэн байна.
Даатгалын хураамжид төрөөс дэмжлэг үзүүлнэ
Төсөлд тариалангийн даатгалын эрсдэлийг түвшнөөр нь хуваарилах тогтолцоог санал болгосон байна. Тухайлбал, эрсдэлийн дунд түвшнийг даатгагч болон хамтын эрсдэлийн сан, дээд түвшнийг давхар даатгалын механизмаар хариуцахаар тусгажээ.
Мөн тариаланчдын даатгалд хамрагдах боломжийг нэмэгдүүлэхийн тулд төрөөс тухайн жилийн батлагдсан төсөв, санхүүгийн боломжид нийцүүлэн даатгалын хураамжийн тодорхой хэсгийг дэмжих зохицуулалт оруулсан байна.
УИХ-ын дарга С.Бямбацогт малын индексжүүлсэн даатгалын тогтолцооны туршлагыг дурдан, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэл өндөр байгаа тариалангийн салбар, ялангуяа улаанбуудайн үйлдвэрлэлд даатгалын зохицуулалт шаардлагатайг онцоллоо.
Хуулийн төсөл батлагдвал тариаланчдын санхүүгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн дараах улсын төсвийн гэнэтийн зардлыг хязгаарлах, хүнсний үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг дэмжих боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна.
Холбоотой мэдээ





