Үнэ тарифын зөрүү “Сибирийн хүч 2” төслийн хэлэлцээг гацаажээ
Оросын тал 1,000 шоо метр хийг 250-260 ам.долларт нийлүүлэх хүсэлтэй байгаа аж. Хятадын тал 50 ам.доллар, эсвэл 120-130 ам.долларын түвшний үнэ санал болгож буй гэж эх сурвалжууд дурджээ. Үнийн зөрүү нь хоолойн урт хугацааны нийлүүлэлтийн гэрээ төдийгүй төслийн эдийн засгийн өгөөж дээр тохиролцоход хүндрэл учруулж байна.

Монголоор дамжин ОХУ, БНХАУ-ыг холбох байгалийн хийн “Сибирийн хүч 2” хоолойн төсөл үнэ тарифын томоохон зөрүүний улмаас ахицгүй болсон талаар "South China Morning Post" нэрээ нууцалсан хэд хэдэн эх сурвалжаар баталгаажуулан мэдээлжээ.
Талуудын гол санал зөрөлдөөн 1,000 шоо метр байгалийн хийн нийлүүлэлтийн үнэд төвлөрч байна. ОХУ одоо ажиллаж буй “Сибирийн хүч 1” хоолойн нөхцөлтэй ойролцоо буюу 250-аас 260 ам.долларын үнээр нийлүүлэх сонирхолтой байгаа аж.
Харин БНХАУ Оросын дотоодын хэрэглээний тарифт илүү ойр нөхцөл хүсч байгаа гэж эх сурвалжууд мэдээлэв. Тухайлбал, 1,000 шоо метр хийг Оросын айл өрхийн тарифтай дүйцэх 50 ам.доллар, эсвэл үйлдвэрийн хэрэглэгчдийн түвшин болох 120-оос 130 ам.доллараар авах хувилбар яригдаж байгаа аж.
Ийм том үнийн зөрүү нь хоолойн урт хугацааны нийлүүлэлтийн гэрээ төдийгүй төслийн эдийн засгийн өгөөж дээр тохиролцоход хүндрэл учруулж байна.
“Сибирийн хүч 2” төслийн концепцоор 2,600 км урт хоолойг Оросын Ямалын хойгоос Монголын нутгаар дамжуулан Хятадтай холбож, жилд 50 тэрбум шоо метр хүртэл байгалийн хий нийлүүлэхээр төлөвлөсөн.
Гэвч үнэ дээр тохиролцоогүй хэвээр байвал хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэр, барилгын ажлын хугацаа зэрэг төслийн гол үе шат цааш хойшилно гэж эх сурвалжууд үзэж байна.
Үүний зэрэгцээ Оросын төрийн өмчит эрчим хүчний “Газпром” компани болон Хятадын газрын тос, хийн “CNPC” корпорац шинэ хоолой барихаас гадна одоо ашиглаж буй нийлүүлэлтийн чиглэлүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж буй аж.
Тухайлбал, Алс Дорнодын чиглэлийн хоолой болон “Сибирийн хүч 1”-ийн дамжуулах хүчин чадлыг өргөтгөх хувилбар яригдаж байна. Одоо байгаа дэд бүтцийг нэмэгдүүлэх тохиролцоо урагшилбал талуудын анхаарал шинэ “Сибирийн хүч 2” төслөөс хэсэгчлэн шилжих боломжтой.
Төслийн нэршил ч өөрчлөгдөж магадгүй байна. ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Цивилёв Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Ерөнхийлөгч Владимир Путин хоолойн нэрийг “Байгалийн хүч” болгон өөрчилснийг мэдээлсэн ч шалтгааныг тайлбарлаагүй.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр төслийн талаар ярилцах төлөвтэй байсан ч уулзалтын дараах албан мэдэгдэлд “Сибирийн хүч 2”-ын талаар тодорхой мэдээлэл тусгагдаагүй гэж "South China Morning Post" мэдээлжээ.
Ингэснээр Монголоор дамжих шинэ хийн хоолойн цаашдын хуваарь, хөрөнгө оруулалтын шийдвэр нь Орос, Хятад байгалийн хийн үнэ болон урт хугацааны нийлүүлэлтийн нөхцөл дээр хэрхэн тохиролцохоос ихээхэн хамаарах төлөвтэй байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





