Үс шулуун болгох бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн гэх маргаанд “L’Oréal” компани тохиролцоонд хүрлээ
Үсийг химийн аргаар шулуун болгох бүтээгдэхүүн хэрэглэсний улмаас хорт хавдартай болсон гэж үзэн шүүхэд хандсан дөрвөн эмэгтэй “L’Oréal” компанийн АНУ дахь салбар болон бусад үйлдвэрлэгчтэй…

Францын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “L’Oréal” компанийн АНУ дахь салбар болон бусад үйлдвэрлэгчид үс шулуун болгох химийн бүтээгдэхүүн хэрэглэсний улмаас хорт хавдартай болсон гэж үзэн шүүхэд хандсан дөрвөн эмэгтэйтэй тохиролцоонд хүрчээ. Чикаго хотод үргэлжилж байсан шүүх хурлын үеэр талууд арваннэгдүгээр сарын 16-нд тохиролцсон бөгөөд нөхөн төлбөрийн хэмжээг нууцалсан байна.
МэриЭнн Линдси, Сурентиа Женкинс, Миранда Лофтон, Сандра Симпсон нар 2023–2024 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж, олон жилийн турш химийн бүтээгдэхүүн хэрэглэсэн нь нөхөн үржихүйн эрхтний хорт хавдраар өвчлөхөд хүргэсэн гэж үзжээ. Эдгээр нь ижил төрлийн олон мянган нэхэмжлэлээс шүүх хуралдааны шатанд хүрсэн анхны хэргүүд юм.
АНУ-ын холбооны шүүхэд үүнтэй холбоотой 12,700 гаруй нэхэмжлэлийг нэгтгэн хэлэлцэж байна. Маргаанд дурдагдсан “Dark and Lovely”, “Optimum” зэрэг бүтээгдэхүүнийг голчлон буржгар үстэй, хар арьст эмэгтэйчүүдэд зориулан сурталчилж иржээ.
Шүүхийн маргаан 2022 онд АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаа нийтлэгдсэний дараа эрчимжсэн. Судалгаагаар үс шулуун болгох химийн бүтээгдэхүүнийг жилд хэд хэдэн удаа хэрэглэдэг эмэгтэйчүүдийн умайн хорт хавдраар өвчлөх эрсдэл хэрэглэдэггүй эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин өндөр байж болзошгүйг тогтоосон юм.
Харин “L’Oréal” судалгаагаар бүтээгдэхүүн болон хорт хавдрын хооронд шууд шалтгаант холбоо нотлогдоогүйг онцолж, бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдалд итгэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.
Мөн 2026 онд Аризона, Миннесота мужууд тус компанийг бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэх үндэслэлээр шүүхэд өгчээ.
Дөрвөн эмэгтэйн хэрэг тохиролцоогоор шийдэгдсэн нь бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн болохыг шүүх тогтоосон гэсэн үг биш бөгөөд бусад олон мянган нэхэмжлэлийн маргаан үргэлжилж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





