egov.mn
Түүхий эдАвтомат

БНХАУ-ын коксжих нүүрсний хомсдол зах зээлээ тэлэх боломжийг Монголд олгож байна

БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өнгөрсөн сард жилийн өмнөх мөн үеэс 28.6 хувиар өсч, 13.07 сая тоннд хүрчээ.

Хуваалцах
БНХАУ-ын коксжих нүүрсний хомсдол зах зээлээ тэлэх боломжийг Монголд олгож байна

БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өнгөрсөн сард жилийн өмнөх мөн үеэс 28.6 хувиар өсч, 13.07 сая тоннд хүрчээ. Импортын хэмжээ долоодугаар сарын оргил түвшнээс 4 хувиар буурсан ч өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тогтоосон түүхэн дээд түвшинд ойртсоор байна. Шаньси мужид гарсан уурхайн осол дотоодын олборлолтыг хязгаарлаж, эрэлтийг 2027 он хүртэл дэмжих төлөвтэй байна.

Шаньси мужид тавдугаар сард гарсан уурхайн ослын дараа өндөр эрсдэлтэй уурхайнуудад хяналт шалгалт хийж, олборлолтыг хязгаарлаж эхэлсэн. Есдүгээр сарын 16-ны байдлаар тус мужид жилийн 73 сая тонн коксжих нүүрс олборлох хүчин чадалтай 75 уурхай “хаалгаа барьсан” юм. БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо эрсдэл багатай уурхайн ажиллагааг богино хугацаанд сэргээх чиглэл өгсөн ч нийлүүлэлт дөрөвдүгээр улиралд л аажмаар нэмэгдэж, 2027 оны эхний хагаст бүрэн хэвийн түвшинд хүрэх тооцоо гарчээ. Дотоодын олборлолтыг сэргээх алхам коксжих нүүрсний ханшид хэдийн нөлөөллөө тогтоож, Далянийн түүхий эдийн биржид коксжих нүүрсний фьючерсийн ханш наймдугаар сарын дээд түвшнээс 12 хувиар буурч, тонн тутамдаа 1,523.50 юань болов. Гэвч дотоодын олборлолт сэргэж дуусах хүртэл БНХАУ Монгол болон ОХУ, Австралиас авах нүүрсний хэмжээ өндөр түвшинд хадгалагдахаар байгааг шинжээчид онцоллоо.

Энэ нь Монгол Улсад богино болон дунд хугацаанд энэ төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх боломж нээж байна. БНХАУ өнгөрсөн сард Монголоос 6.41 сая тонн коксжих нүүрс импортолсон нь жилийн өмнөх мөн үеэс 6.6 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд сарын нийт импортын 49 хувийг бүрдүүлжээ. Харин оны эхний найман сарын нийлүүлэлт 48.8 хувиар өсч, 53.2 сая тонн хүрсэн бөгөөд Монголынх 57 хувьтай гарчээ. Монголын гол давуу тал нь мэдээж БНХАУ-ын хойд бүсийн ган, кокс үйлдвэрлэгчдэд авто болон төмөр замаар шууд хүрэх газар зүйн байршил юм. Далайн тээвэр шаарддаг Австрали, Колумб, Индонезийн нийлүүлэлттэй харьцуулахад тээврийн хугацаа богино, логистикийн зардал харьцангуй бага гэсэн үг. Шаньсигийн олборлолт хязгаарлагдсан үед БНХАУ-ын худалдан авагчид ойрын хугацаанд нүүрс татан авах боломжтой хуурай замын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх сонирхолтой байгаа нь Монголын өрсөлдөх чадварыг дэмжиж байна.

Гэхдээ зах зээлийн эрэлт өссөн нь Монголын коксжих нүүрсний нийлүүлэлт шууд нэмэгдэнэ гэсэн үг биш юм. Наймдугаар сард импортын хэмжээ мөн оны бусад сараас доогуур түвшинд хадгалагдаж, БНХАУ-ын зах зээлд эзлэх хувь нь дөрөвдүгээр сарын 68 хувийн оргил үеэс 49 хувь болтлоо буурчээ. Үүнд баярын өдрүүд, боомтын саатал болон Ганцмод боомтын тоосжилтын эсрэг шалгалт зэрэг нөлөөлжээ.

Иймээс Монгол Улс уурхайн олборлолтыг өсгөхөөс илүүтэй хилээр тогтвортой, тээвэрлэлтийн урьдчилсан тооцоолол хийн нүүрс нийлүүлэх нь чухал юм. БНХАУ-д Монгол Улс дангаараа энэ төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлдэггүй. Хятадын зах зээлд Монгол Улсын гол өрсөлдөгчид нь Австрали болон ОХУ юм. БНХАУ Австралиас авсан коксжих нүүрсний хэмжээ өнгөрсөн сард жилийн өмнөхөөс 339.8 хувиар өсч, 1.64 сая тоннд хүрсэн бол ОХУ-ын нийлүүлэлт 42.7 хувиар нэмэгдэж, 3.66 сая тонн болжээ.

Хэрэв БНХАУ-ын гангийн салбарын ашигт ажиллагаа буурвал тус улс бусад орноос нүүрсний худалдан авалтаа багасгахад хүрэх магадлалтай. Есдүгээр сард тус улсын гангийн үйлдвэрүүдийн ердөө 7 хувь нь ашигтай ажиллажээ.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Vale Ligga S.A.-ийн цөөнхийн хувь эзэмшихээр баталгаажуулж, мэдээлэх журам дахин анхаарал татав
Түүхий эд

Vale Ligga S.A.-ийн цөөнхийн хувь эзэмшихээр баталгаажуулж, мэдээлэх журам дахин анхаарал татав

Vale Ligga S.A.-ийн цөөнхийн хувь эзэмшихээр баталгаажуулж, мэдээллийг хэзээ нийтлэх нь дахин маргаан үүсгэв B3 болон Үнэт цаасны зохицуулагч CVM-ийн Resolution No.

2 мин унших
Монгол Улс 172 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна
Түүхий эд

Монгол Улс 172 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна

Даваа гарагийн 08:00 цагийн байдлаар “УБТЗ”-ын сүлжээнд нефтийн бүтээгдэхүүн ачсан 900 цистерн вагон байгааг мэдээлэв. 79 вагонд АИ-92 автобензин, 730 вагонд дизель түлш, 91 вагонд онгоцны түлш тээвэрлээд байгаа юм. Холбогдох байгууллагуудад вагонуудыг шуурхай буулгаж, түгээлтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг тогтвортой байлгах үүрэг өгчээ.

1 мин унших
Энэтхэг АНУ-д тал алдалгүйгээр ОХУ-ыг түших боломж хумигдлаа
Түүхий эд

Энэтхэг АНУ-д тал алдалгүйгээр ОХУ-ыг түших боломж хумигдлаа

Энэтхэг иргэдийнхээ эрчим хүчний аюулгүй байдлыг хангах үүрэгтээ тууштай хэвээр байгаагаа илэрхийллээ. Украины дайн эхэлснээс хойш Барууны зах зээлд борлуулалт нь хязгаарлагдсан Оросын газрын тосны нийлүүлэлт Энэтхэг рүү огцом нэмэгджээ. “CEEW”-ийн тооцоогоор Энэтхэг 2022 оноос хойш Оросоос газрын тосны худалдан авалтаа нэмэгдүүлснээр ойролцоогоор 12.6 тэрбум ам.доллар хэмнэжээ.

2 мин унших
АНУ-д дизелийн үнэ түүхэн дээд түвшинд хүрч, тээврийн компаниудын зардлыг өсгөлөө
Түүхий эд

АНУ-д дизелийн үнэ түүхэн дээд түвшинд хүрч, тээврийн компаниудын зардлыг өсгөлөө

Лхагва гарагт улсын хэмжээнд дизелийн дундаж үнэ нэг галлон нь 6.31 ам.долларт хүрч, түүхэн дээд түвшин тогтоожээ. “GasBuddy” компанийн мэдээлснээр дизелийн улсын дундаж үнэ ойрын хоёр хоногт нэг галлон нь 6.50 ам.доллар ч давж болзошгүй. Калифорнид түлшний дундаж үнэ аль хэдийн 8 ам.доллароос давжээ.

2 мин унших