Хятадын залуус тушаал дэвшихээс "зориудаар" татгалзаж байна
Хятадын залуу ажилтнууд цалинтайгаа харьцуулахад хариуцлага, ажлын ачаалал хэт нэмэгддэг гэж үзэн удирдах албан тушаалд дэвшихээс зориуд татгалзах хандлага гарч байна.

Олон жилийн турш тушаал дэвших нь карьер ахиж, амжилтад хүрч буйн нэг гол хэмжүүр байв. Харин Хятадын зарим залуу ажилтан энэ ойлголтыг өөрөөр харж эхэлжээ. Тодруулбал, залуус илүү өндөр албан тушаал санал болгосон ч хүлээн авахын оронд одоогийн ажлаа үргэлжлүүлэхийг сонгох тохиолдол нэмэгдэж байгааг "South China Morning Post" мэдээлсэн байна.
Энэ хандлагыг “conscious unbossing” гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл ажилтан карьерын боломжгүйдээ бус, удирдах албан тушаалтны үүрэг нь хүртэх үр өгөөжөөсөө өндөр хэмээн үзэж, менежер болохоос зориуд татгалзаж буй сонголт юм.
Хятадын цахим орчинд энэ сэдэвтэй холбоотой нийтлэлүүд 40 саяас давсан үзэлт авчээ. Зарим ажилтан бүр тушаал дэвших саналаас хэрхэн эвтэйхэн татгалзах тухай бэлэн хариулт, зөвлөгөөг цахим орчинд хуваалцаж байна. Тэд компанид талархаж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ шинэ албан тушаалд хараахан бэлэн биш байгаа, эсвэл нэмэгдэх хариуцлагад тохирсон цалин, урамшуулал шаардлагатай гэх зэргээр татгалзах шалтгаанаа тайлбарладаг аж.
Албан тушаал өслөө, харин цалин?
Трендийн ард залуусын залхуурал гэхээс илүү “илүү их хариуцлага хүлээх нь надад ашигтай юу" гэсэн тооцоо байна.
"South China Morning Post" хэвлэлд дурдсан Жүн хэмээх ажилтан арван жилийн карьерынхаа хугацаанд тушаал дэвших саналаас гурван удаа татгалзжээ. Тэрбээр нэг удаа боловсролын компанийн сургалтын төвийн удирдагчаар дэвшсэн ч ажлын ачаалал огцом нэмэгдсэний улмаас хоёр долоо хоногийн дараа өмнөх ажилдаа буцсан байна.
Өөр нэг ажилтан Жэн ахлах албан тушаалд дэвшсэний дараа хэд хэдэн чиг үүргийг бараг ганцаараа хариуцах болсон тухай ярьжээ. Түүний хувьд нэмэгдсэн ажлын ачааллыг “мэргэжлийн өсөлт” хэмээн тайлбарласан ч бодит нөхцөлд хариуцлага, урамшууллын харьцаа хангалтгүй байсан гэж үзсэн байна.
Ийнхүү албан тушаал ахих нь автоматаар карьерын ашигтай алхам гэсэн уламжлалт ойлголтыг залуу ажилтнууд эргэлзээтэйгээр харах болжээ. Удирдах ажилд шилжсэнээр цалин бага хэмжээгээр нэмэгдэх атлаа ажлын цаг уртсаж, багийн гүйцэтгэл, ажилтнуудын асуудал, дээд удирдлагын зорилтыг зэрэг хариуцах шаардлага үүсвэл тушаал дэвшихийн өгөөж буурна гэж тэд тооцож байна.
Зөвхөн Хятадад өрнөж буй үзэгдэл биш
“Conscious unbossing” гэх нэршил Хятадад үүссэн зүйл биш. Их Британийн ажилд зуучлах Robert Walters компанийн 2024 оны судалгаагаар Z үеийн ажилтнуудын 52 хувь нь дунд шатны менежерийн албан тушаалд орохыг хүсэхгүй гэж хариулсан бол 69 хувь нь ийм ажил өндөр стресс, бага өгөөжтэй гэж үзжээ.
Мөн залуу ажилтнуудын 72 хувь нь бусдыг удирдахаас илүү өөрийн ур чадвар, мэргэжлийн хөгжлийг чухалчилсан гэж Robert Walters-ийн судалгааг иш татсан 2026 оны мэдээлэлд дурдсан байна.
Гэхдээ залуу үеийнхэн карьерын өсөлтөөс бүхэлд нь татгалзаж байна гэсэн үг биш. Харин “өсөлт” гэдгийг байгууллагын шатлал дахь албан тушаалаар бус ур чадвар, орлого, бие даасан байдал болон хувийн цагтайгаа холбон үнэлэх хандлага нэмэгдэж буйг харуулж байна.
Компаниудад шинэ асуудал үүсэж магадгүй
Ажилтнууд мэргэжлийн ур чадвараа ахиулах сонирхолтой хэвээр атлаа хүн удирдах хүсэлгүй байвал компаниудын уламжлалт карьерын шатлалд өөрчлөлт шаардагдана.
Өмнө нь сайн ажилласан мэргэжилтнийг менежер болгох нь карьерын дараагийн логик алхамд тооцогддог байв. Харин залуу ажилтнууд энэ замыг сонгохгүй бол компаниуд удирдах албан тушаалд хүн бэлтгэхийн зэрэгцээ менежер болохгүйгээр цалин, ур чадвар, карьер нь өсөх өөр зам бий болгох шаардлагатай болж болох юм.
Холбоотой мэдээ

Болзохын тулд өр тавих залуус
АНУ-ын Z болон миллениал үеийн болзогчдын 17 хувь нь харилцааныхаа амьдралын хэв маягийг хадгалахын тулд өр тавьж байжээ.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 81-р чуулганы индэр дээрээс онцлохуй
Дэлхийн 130 орчим улсын төр, засгийн тэргүүн Нью-Йоркт цуглаж, Ираны дайн, Украин, Газын зурвас болон хиймэл оюуны эрсдэлийг хэлэлцэж байна.

АНУ–Ираны хэлэлцээ дипломат гарц өгч магадгүй гэх хүлээлт тэжээж, газрын тосны үнэ буурлаа
АНУ–Ираны яриа хэлэлцээ нийлүүлэлтийн доголдол намжиж магадгүй гэсэн хүлээлт өгч, газрын тос буурлаа Арваннэгдүгээр сарын Brent фьючерс 0.75%-иар унаж 98.51 ам.доллар, WTI 1.03%-иар буурч 89.59 ам.

АНУ болон Ираны хэлэлцээнд ахиц гарснаар газрын тосны ханш лхагва гарагийн арилжааг уналттай эхлүүллээ
АНУ, Ираны төлөөлөгчдийн гурван цаг үргэлжилсэн хэлэлцээ Ойрх Дорнодын мөргөлдөөнийг дипломат аргаар намжаах хүлээлтийг нэмэгдүүлснээр газрын тосны ханш лхагва гарагийн арилжаагаар буурлаа.

9 настай хүүхэд аавынхаа картыг ашиглан “Roblox”-ийн бичлэгийн сурталчилгаанд $118,000 зарцуулжээ
Есөн настай хүүхэд YouTube сувгийнхаа бичлэгүүдийг сурталчлахын тулд аавынхаа компанийн кредит картыг ашиглан 118 мянган ам.долларын зарлага гаргажээ.

Хятадын “төмсний нийслэл” гэгдэх Өвөр Монголын Улаанцав хот өдгөө хиймэл оюуны дата төвийн бүс болжээ
Өвөр Монголын Улаанцав хотод сэрүүн уур амьсгал, харьцангуй хямд газар, эрчим хүчний нөөцийг түшиглэн хиймэл оюуны тооцоололд зориулсан дата төвүүд олноор баригдаж байна.