ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ДАРХАНЫ ДЦС-Д АЖИЛЛАЖ, ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙН ЖАГСААЛТЫГ ЯАРАЛТАЙ ГАРГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2026 оны аравдугаар сарын 29-ний 20:56 цагт Дархан-Уул аймгийн “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-д техникийн гэмтэл гарч, станцын үйл ажиллагаа бүрэн зогссон байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр буюу аравдугаар сарын 30-ны өдөр тус аймагт ажиллаж, гэмтлийн шалтгаан, нөхцөл болон сэргээн засварлах ажлын явцтай газар дээр нь танилцаж холбогдох үүрэг, даалгавар, чиглэл өгч ажиллалаа. Одоогийн байдлаар гэмтэл гарсан хэсгийн тоноглолыг тусгаарлаж, Төвийн бүсийн эрчим хүчний системээс хүчдэл авснаар станцын үйл ажиллагааг сэргээж, аймгийн ихэнх хэсгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүлсэн бөгөөд станцын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх ажил 70 хувьтай ажиллаж байна. Урьдчилсан дүгнэлтээр станцын ерөнхий хуваарилах байгууламжийн вакуум таслуурт гэмтэл үүсэж, цахилгаан нум үүсэн, улмаар гал гарах нөхцөл бүрджээ. Тухайн үед хамгаалалтын систем автоматаар ажиллаж, гэмтэл даамжрахаас сэргийлэн станцын тоноглолуудыг бүхэлд нь зогсоох арга хэмжээ авчээ. “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Батжаргалын мэдээлснээр, станц 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлээ хангасан боловч ашиглалтын хугацаа дуусаж, тоног төхөөрөмжийн ачаалал хэвийн хэмжээнээс 2-3 дахин өндөр байгаа нь цаашид томоохон эрсдэл үүсгэж болзошгүй байна. Тус станцын гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан “1965 онд ашиглалтад орсон станцын насжилттай холбоотойгоор техникийн гэмтэл гарсан, цаашид Дархан-Уул аймагт шинэ дулааны цахилгаан станц барих, одоо ашиглаж буй тоног төхөөрөмжийг шинэчлэх, гэмтсэн тоноглолыг худалдан авах шаардлагатай байна“ гэв. Шадар сайд Н.Номтойбаяр станцын насжилт, техникийн өнөөгийн нөхцөл байдал, энэ гэмтэл нь цаашид томоохон эрсдэл үүсэж болзошгүйг анхааруулсан дохио гэдгийг анхааруулаад станц бүрэн зогссон тохиолдолд Дархан хотын дулаан, цахилгаан хангамжаас гадна Төвийн бүсийн эрчим хүчний системд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг онцлов. Иймд дахин эрсдэл гаргахгүй байх үүднээс станцын удирдлага, холбогдох яам, мэргэжлийн байгууллагууд хамтран авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай тоног төхөөрөмж, материал, сэлбэг хэрэгслийн жагсаалт, худалдан авалтын үнэ өртөг болон тооцоо, судалгааг нэгтгэн танилцуулахыг үүрэг болголоо. Мөн Засгийн газар, Улсын онцгой комиссоос үзүүлэх шаардлагатай дэмжлэгийг тодорхой болгохыг чиглэл болголоо. Дарханы дулааны цахилгаан станц нь 1965 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Дархан хотын дулаан хангамжийн үндсэн эх үүсвэр юм. Тус станцын насжилт, тоног төхөөрөмжийн шинэчлэл, хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоёр дахь эх үүсвэр бий болгох асуудал нь бүс нутгийн эрчим хүчний найдвартай, тогтвортой хангамжийг хангах стратегийн чухал асуудал болоод байна.
Холбоотой мэдээ





