Шатахуун хомсдсоор байх уу: 9,000 гаруй тонн АИ-92 автобензин нийлүүлжээ
ОХУ-аас төмөр замын засварын улмаас саатаад байсан 140 вагон АИ-92 автобензинийг арваннэгдүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө нийлүүлжээ.

ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрээс нийлүүлэх АИ-92 автобензин боомтын засварын улмаас сүүлийн өдрүүдэд саатаад байсан бол 140 галт тэрэг шатахуун Монгол Улсад нийлүүлэгджээ.
Ийнхүү сүүлийн өдрүүдэд үүссэн шатахууны нийлүүлэлтийн саатлыг бууруулах боломж бүрдэж, төмөр замын өртөөдөд шатахуун буулгах, түгээх ажлыг үргэлжлүүлж байна.
Гэхдээ импортын урсгал сэргэж эхэлсэн нь шатахуун түгээх станцуудын нийлүүлэлт бүрэн хэвийн болсон гэсэн үг биш юм. Цаашдын нөхцөл байдал нь вагонуудыг буулгах хүчин чадал, агуулахын нөөц болон шатахуун түгээх станцуудад хүргэх тээвэрлэлтээс хамаарна.
Ес хоногт 20.7 мянган тонн АИ-92 импортолжээ
Шатахууны шуурхай штабын мэдээллээр арваннэгдүгээр сарын 1–9-ний хооронд Монгол Улс нийт 94,221 тонн шатахуун, түлш импортолсон байна.
Үүнээс 20,670 тонн нь АИ-92, 500 тонн нь АИ-95 автобензин, 71,551 тонн нь дизель түлш, 1,500 тонн нь онгоцны түлш аж.
Улаанбаатар төмөр замд 9,180 тонн АИ-92 автобензин байна
Арваннэгдүгээр сарын 9-ний байдлаар Улаанбаатар төмөр замд 153 вагон буюу 9,180 тонн АИ-92 автобензин байгаа талаар Шатахууны шуурхай штаб мэдээлсэн. Үүнээс буух өртөөдөд 126 вагон буюу 7,500 тонн автобензинийг буулгаж, түгээх ажил үргэлжилж байна. Одоогоор шатахуун буулгах, агуулахад хүлээн авах болон Шатахуун түгээх станцуудад хүргэх ажлыг эрчимжүүлж байгаа аж.
Шатахууны нийлүүлэлт хэвийн болсон эсэх нь тодорхойгүй байна
ОХУ-аас АИ-92 автобензиний импорт сэргэж эхэлсэн ч саатлын улмаас үүссэн нийлүүлэлтийн хүндрэл бүрэн арилсан эсэх талаар албан ёсны дүгнэлт гараагүй байна.
Төмөр замаар орж ирсэн шатахууныг буулгаж, агуулах болон Шатахуун түгээх станцуудад хүргэсний дараа хэрэглэгчдэд үзүүлэх бодит нөлөө тодорхой болох юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





