24 хувийн хүү, $1.29 их наядын өр: Америк өрхүүдийн санхүү хямарч байна
Нью-Йоркийн Холбооны нөөцийн банкны мэдээллээр АНУ-ын зээлийн картын нийт үлдэгдэл гуравдугаар улиралд 22 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 1.29 их наяд ам.долларт хүрчээ.

АНУ-ын өрхийн санхүүд бэрхшээл нэмэгдэхийн хэрээр зээлийн картын өр түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Нью-Йоркийн Холбооны нөөцийн банкны мэдээллээр гуравдугаар улиралд америкчуудын зээлийн картын нийт үлдэгдэл өмнөх улирлаас 22 тэрбум ам.доллароор өсч, 1.29 их наяд ам.доллар болсон байна.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар өссөн үзүүлэлт юм.
Өрхийн өдөр тутмын хэрэглээний зардал болон зээлийн өртөг өндөр хэвээр байгаа үед картын өр нэмэгдэж байгаа нь хэрэглэгчдийн санхүүгийн эмзэг байдлыг улам тодотгож байна.
Гэхдээ зээлийн картын үлдэгдэл өссөн нь бүх хэрэглэгч өдөр тутмын зардлаа зээлээр санхүүжүүлж эхэлсэн гэсэн үг биш юм. Үүнд хэрэглээний хэмжээ, карт эзэмшигчдийн тоо болон төлөгдөөгүй үлдэгдлийн өөрчлөлт зэрэг хүчин зүйл нөлөөлдөг.
АНУ-ын өрхүүдийн өр 19.1 их наяд ам.долларт хүрчээ
Ипотек, автомашин, оюутны зээл болон зээлийн картын өрийг багтаасан АНУ-ын өрхийн нийт өр гуравдугаар улиралд дээрх хэмжээнд хүрсний зэрэгцээ нэг хэрэглэгчид ногдох зээлийн картын дундаж үлдэгдэл 6,678 ам.доллар болж, жилийн өмнөхөөс 2.4 хувиар нэмэгджээ. Зээлийн карт эзэмшигчдийн тоо мөн 174.8 саяас 178 сая болж өссөн байна.
Ийнхүү карт эзэмшигчдийн тоо болон нэг хэрэглэгчид ногдох өрийн үлдэгдэл зэрэг нэмэгдсэн нь АНУ-ын хэрэглээний зээлийн зах зээлд өрийн хэмжээ тэлж байгааг харуулж байна.
Зээлийн картын хүү 24 орчим хувьтай байна
Зээлийн картын өр нэмэгдэж буй энэ үед зээлийн өртөг өндөр байгаа нь хэрэглэгчдийн санхүүгийн дарамтыг улам нэмэгдүүлж байна.
“LendingTree”-ийн мэдээллээр шинээр санал болгож буй зээлийн картын жилийн дундаж хүү ойролцоогоор 24 хувьтай байна.
Ийм өндөр хүүтэй нөхцөлд картын үлдэгдлээ сар бүр бүрэн төлдөггүй хэрэглэгчдийн хүүгийн зардал хуримтлагдах эрсдэлтэй.
“Money Management International”-ийн Чарли Уайз зээлийн карт нь хэрэглэгчдийн хувьд өндөр өртөгтэй зээллэгийн хамгийн түгээмэл хэлбэрүүдийн нэг хэвээр байгааг онцолжээ.
Нью-Йоркийн Холбооны нөөцийн банкны судлаачид мөн зээлийн картын зарим дансанд эргэн төлөлт удааширч байгааг мэдээлсэн байна.
Ялангуяа бага орлоготой, хуримтлал багатай өрхүүдийн хувьд өндөр хүүтэй өрийг удаан хугацаанд төлөх нь хүнс, орон сууц болон бусад зайлшгүй хэрэглээнд зарцуулах мөнгийг хязгаарлах эрсдэлтэй юм.
Инфляц өрхийн худалдан авах чадварт дарамт учруулж байна
АНУ-д бараа, үйлчилгээний үнийн өсөлт өндөр хэвээр байгаа нь хэрэглэгчдийн санхүүгийн нөхцөлд нөлөөлж байна.
Хөдөлмөрийн статистикийн товчооны мэдээлэлд тулгуурласан эх сурвалжийн мэдээллээр аравдугаар сарын үнийн өсөлт шинжээчдийн хүлээлтээс давсан байна.
Нью-Йоркийн Холбооны нөөцийн банкны судлаачид өндөр инфляц болон зээлийн өртөг нэмэгдсэнээр хэрэглэгчдийн санхүүгийн дарамт өсч байгааг тэмдэглэжээ.
Тухайлбал, бага орлоготой өрхүүдийн хувьд хэрэглээний үнийн өсөлт цалингийн өсөлтөөс давж байгаа нь бодит худалдан авах чадварыг бууруулж байна.
Үүнээс гадна цар тахлын үеийн зээлийн шалгуурын өөрчлөлтийн дараа хугацаа хэтэрсэн төлөлт нэмэгдсэн нь өрхийн санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж байгааг судлаачид онцолжээ.
Өрийн өсөлт АНУ-ын хэрэглээний зах зээлд эрсдэл дагуулж байна
“Money Management International”-ийн Тед Россман бараа, үйлчилгээний үнэ болон зээлийн хүү өссөнөөр илүү олон хэрэглэгч өрөнд орж байгааг анхааруулжээ.
Мөн “The Century Foundation”-ийн Кайл Мур эдийн засгийн үзүүлэлтүүд өрхийн санхүүгийн нөхцөлтэй хэрхэн зөрж байгааг анхаарах шаардлагатай гэж үзсэн байна.
АНУ-ын эдийн засагт өрхийн хэрэглээ томоохон байр суурь эзэлдэг тул зээлийн картын өндөр хүү, өрийн үлдэгдэл болон эргэн төлөлтийн хүндрэл нэмэгдэх нь цаашдын хэрэглээний өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй.
Хэрэв өрхүүд орлогынхоо илүү их хэсгийг зээлийн хүү болон үндсэн төлбөрт зарцуулбал бусад бараа, үйлчилгээ худалдан авах боломж хумигдах эрсдэлтэй.
Иймээс зээлийн картын өрийн өсөлтөөс гадна хугацаа хэтэрсэн төлөлт, өрхийн бодит орлого болон хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтүүд АНУ-ын хэрэглээний зах зээлийн цаашдын төлөвийг тодорхойлох юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





