АНУ-ын Конгресс Хонконгийн ам.долларын эх үүсвэрт нэвтрэх эрхийг эргэн харахыг Холбооны нөөцийн банкнаас хүслээ
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын БНХАУ-ын Коммунист намын асуудлаарх тусгай хорооны дарга Жон Муленаар Хонконгийн мөнгөний удирдах газрын FIMA репо хөтөлбөрт нэвтрэх эрхийг эргэн харахыг Холбооны…

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын БНХАУ-ын Коммунист намын асуудлаарх тусгай хорооны дарга, Бүгд Найрамдах намын төлөөлөгч Жон Муленаар өнгөрсөн долоо хоногт Холбооны нөөцийн банкид илгээсэн захидалдаа Хонконгийн ам.долларын хөрвөх чадварыг дэмжих зорилготой FIMA репо хөтөлбөрт нэвтрэх эрхийг дахин үнэлэхийг уриаллаа.
Уг санал нь БНХАУ юанийн олон улсын хэрэглээг нэмэгдүүлэхээр зорьж буй үед АНУ дэлхийн санхүүгийн систем дэх байр сууриа хэрхэн хамгаалах тухай хэлэлцүүлгийг дахин өрнүүлж байна.
Харин Холбооны нөөцийн банк захидлыг хүлээн авснаа баталж, хариу өгөхөөр төлөвлөж буйгаа мэдэгджээ.
FIMA гэж юу вэ?
Холбооны нөөцийн банк 2020 оны гуравдугаар сард Ковид-19 цар тахлын үеийн санхүүгийн зах зээлийн огцом савлагааны үед Гадаад болон олон улсын мөнгөний удирдлах байгууллага буюу FIMA репо хөтөлбөрийг бий болгосон. Тус хөтөлбөрөөр гадаадын Төв банк болон мөнгөний удирдах байгууллагууд Холбооны нөөцийн банкид хадгалуулсан АНУ-ын Засгийн газрын үнэт цаасаа түр хугацаанд ам.доллароор солих боломжтой ажээ.
Гол зорилго нь хямралын үед Төв банкууд ам.долларын эх үүсвэр олохын тулд АНУ-ын Засгийн газрын үнэт цаасаа зах зээлд их хэмжээгээр худалдахаас сэргийлэх юм. Ийм борлуулалт олширвол бондын ханш буурч, өгөөж өсөх замаар АНУ-ын санхүүгийн зах зээлийн тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэлтэй байдаг. Холбооны нөөцийн банк ч FIMA хөтөлбөрийг АНУ-ын Засгийн газрын үнэт цаасны зах зээлийн хэвийн ажиллагааг дэмжих хэрэгсэл хэмээн тайлбарладаг.
Хонконгийн мөнгөний удирдах газар 2020 онд уг хөтөлбөрт нэвтрэх эрх авсан анхны байгууллагуудын нэг байв. Муленаарын захидалд дурдсанаар Хонконг 2020 оны тавдугаар сард FIMA хөтөлбөрөөс 1.4 тэрбум ам.доллар хүртэл ашигласан ч түүнээс хойш нэвтрэх эрхээ дорвитой ашиглаагүй байна.
Юанийн олон улсын хэрэглээ анхаарлын төвд
Үүний зэрэгцээ Муленаар Хонконгийн эрх зүй, институцийн бие даасан байдал эх газрын Хятадаас "ялгарахаа больсон" гэж үзэж буйгаа захидалдаа дурджээ. Түүний үзэж буйгаар Холбооны нөөцийн банк уг өөрчлөлтийг Бээжингийн юанийн олон улсын хэрэглээг нэмэгдүүлэх бодлоготой хамтатган авч үзэх шаардлагатай байгаа юм.
БНХАУ-ын Ардын банк зургадугаар сард гадаадын Төв банкуудад Хятадын Засгийн газрын бондыг ашиглан богино хугацааны юанийн хөрвөх чадвар авах боломж олгох өөрийн репо механизмыг эхлүүлсэн бөгөөд Хонконг анхны хэрэглэгч болсон гэж эх сурвалжид дурджээ.
Гэхдээ дэлхийн валютын нөөцөд ам.доллар давамгай байр суурь эзэлсэн хэвээр байна. Тодруулбал, Олон улсын валютын сангийн 2026 оны хоёрдугаар улирлын хамгийн сүүлийн мэдээллээр дэлхийн албан ёсны гадаад валютын нөөцийн 56.7 хувийг ам.доллар дангаар бүрдүүлж байгаа бол 2.11 хувийг юань эзэлжээ. Гэсэн хэдий ч ам.долларын эзлэх хувь өмнөх улирлын 57.18 хувиас буурсан бол юанийнх 1.98 хувиас өссөн байна.
Хязгаарлалт ам.долларт ашигтай юу?
Хонконгийн FIMA хөтөлбөрт нэвтрэх эрхийг хязгаарлах нь эсрэгээрээ ам.долларын олон улсын байр суурийг сулруулах эрсдэлтэй гэж зарим эдийн засагч үзэж байна.
Корнеллийн их сургуулийн эдийн засгийн профессор Эсвар Прасадын тайлбарласнаар FIMA нь гадаадын Төв банкуудад шаардлагатай үед ам.доллар авах найдвартай суваг бий болгосноор ам.долларын дэлхийн санхүүгийн систем дэх хэрэглээг нэмэгдүүлдэг ажээ. Мөн АНУ-ын Засгийн газрын үнэт цаасыг дэлхийн зах зээлд найдвартай актив хэвээр байхад хувь нэмэр оруулдаг гэж үзжээ.
Мөн судалгааны “China Beige Book” байгууллагын гүйцэтгэх захирал Шехзад Кази ч Холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч Кевин Уорш АНУ болон БНХАУ-ын харилцаа эмзэг байгаа үед Вашингтоны Бээжингийн талаарх бодлогод шууд оролцохгүй гэж CNBC-д тайлбарласан байна.
FIMA байгуулагдсанаасаа хойш харьцангуй бага ашиглагдсан бөгөөд Холбооны нөөцийн банкны хамгийн сүүлийн үеийн мэдээллээр тухайн үед хөтөлбөрөөс зээл авсан байгууллага бараг байгаагүй гэж эх сурвалжид дурджээ.
Муленаар харин одоогийн санхүүгийн эрсдэл бага байгаа үеийг хөтөлбөрийн нөхцөлийг эргэн харахад тохиромжтой гэж үзсэн байна.
Холбоотой мэдээ

Энди Халдейн: Засгийн газар татвараа нэмдэг биш, зардлаа танадаг байх ёстой
Английн Төв банкны ахлах эдийн засагч асан Энди Халдейн Их Британийн төсвийн нөхцөл байдлыг “нимгэн мөсөн дээр” байгаатай зүйрлэж, Засгийн газар зардлаа бууруулах шаардлагатай гэж анхаарууллаа.

Энди Халдейн Их Британи бүх зээлдэгчдэд дайсагнасан орчинтой болсон гэж анхааруулав
Английн Банкны (Bank of England) ерөнхий эдийн засагч асан Энди Халдейн намрын төсвийн өмнө эрсдэлийг онцлов Төсвийн шинэчлэлийг аравдугаар сарын 28-нд танилцуулах бөгөөд G7-д Их Британийн зээлжих…

Конгрессын нэр бүхий хорооны дарга Хонконгт цар тахлын үед олгосон ам.долларын шугамыг Холбооны нөөцийн банкт хянахыг уриалав
АНУ-ын Конгрессын хорооны дарга Хонконгийн ам.

АНУ-ын Төрийн сангийн өгөөж өмнөх өсөлтийн дараа тогтвортой байж, Холбооны нөөцийн банкны тэмдэглэлийг хүлээлээ
АНУ-ын Төрийн сангийн өгөөж мягмар гарагт ихэнхдээ тогтвортой болж, бодлогын чиглэлийн дохио хүлээлээ 10 жилийн өгөөж 5.302 хувь, 30 жилийнх 5.665 хувь, 2 жилийнх 4.

"Өсөлтийн хөшүүрэг - Өрхийн санхүү" арга хэмжээ аравдугаар сарын 8-нд болно
“Апекс Капитал ҮЦК” компани өрхийн санхүү, хуримтлал, хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд чиглэсэн “Өсөлтийн хөшүүрэг — Өрхийн санхүү” арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

Трамп татваргүй дизелийн хэрэглээг түр өргөжүүлж, шатахууны зардлыг бууруулахаар зорьж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хөдөө аж ахуй болон замаас гадуурх зориулалтаар ашигладаг татваргүй улаан өнгийн дизелийг ачааны автомашинд түр хугацаанд ашиглахыг зөвшөөрөв.