"Цагаан" баасан гараг: Өнөөдөр дэлхийн сайхан сэтгэлийн өдөр
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 13-нд тохиодог Дэлхийн сайхан сэтгэлийн өдрийг бусдад энэрэнгүй хандах, харилцан хүндлэх, сайн үйлсийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэхийг уриалан тэмдэглэдэг.

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 13-нд дэлхий даяар Дэлхийн сайхан сэтгэлийн өдөр (World Kindness Day)-ийг тэмдэглэж байна. Бусдад туслах, харилцан хүндлэх, энэрэнгүй үзлийг түгээх, сайн үйлсийг өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болгоход уриалдаг олон улсын санаачилга юм.
Дэлхийн сайхан сэтгэлийн өдрийг 1998 оны арваннэгдүгээр сарын 13-нд анх тэмдэглэжээ. Үүнээс нэг жилийн өмнө буюу 1997 онд Японы Токио хотод олон улсын сайн үйлсийн байгууллагуудын төлөөлөл цугларч, улмаар “World Kindness Movement” хөдөлгөөнийг бий болгох үндэс тавигдсан байна.
Улс төр, шашны аливаа байгууллагаас хараат бус уг хөдөлгөөн нь хүмүүс, нийгэм, улс орон хоорондын харилцан ойлголцол, хүндлэл, хамтын ажиллагааг дэмжих зорилготой.
Бусдад туслах нь өөрийн аз жаргалыг бүтээнэ Сайхан сэтгэлээр бусдад туслах нь зөвхөн тусламж авч буй хүнд төдийгүй сайн үйл хийж буй хүний сэтгэл зүйн сайн сайхан байдалд эергээр нөлөөлөх боломжтойг судлаачид онцолдог.
АНУ-ын Калифорнийн их сургуулийн Лос-Анжелес дахь салбарын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн профессор Роберт Ким-Фарлигийн тайлбарласнаар бусдад хариу нэхэлгүй туслах нь аз жаргал, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд нөлөөлдөг байна.
Түүнчлэн ЮНЕСКО-ийн Махатма Гандигийн нэрэмжит Боловсролын хүрээлэн бусдын нөхцөл байдлыг ойлгох, энэрэнгүй хандах чадварыг нийгэм-сэтгэл хөдлөлийн сургалтаар хөгжүүлэх боломжтойг онцолжээ.
Энэ төрлийн сургалт нь хүүхэд, залуусыг өөрийн сэтгэл хөдлөлийг таньж, удирдах, бусдын үзэл бодол, нөхцөл байдлыг ойлгох, эерэг харилцаа тогтооход чиглэдэг байна.
Дэлхийн сайхан сэтгэлийн өдрөөр сайн дурын ажилд оролцох, ахмад настнууд болон тусламж шаардлагатай хүмүүст дэмжлэг үзүүлэх, ойр дотнын хүмүүстээ талархлаа илэрхийлэх зэрэг энгийн үйлдлээр сайн үйлсэд нэгдэхийг уриалдаг.
Сайхан сэтгэл заавал том үйл хэрэг байх албагүй. Бусдыг сонсох, тусламж хэрэгтэй нэгэнд гараа сунгах, талархлаа илэрхийлэх зэрэг өдөр тутмын жижиг үйлдлүүд нийгэмд эерэг харилцаа бий болгоход хувь нэмэр оруулна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





