Чойжин ламын сүм музейн гаднах 270 орчим гэрлийг шинэчилжээ
Италийн “iGuzzini” брэндийн тусгай зориулалтын гэрэлтүүлгийг ашигласнаар музейн түүхэн барилгын архитектур, уран хийцийг тодотгохын зэрэгцээ өнгө, будгийг хамгаалах нөхцөл бүрдүүлсэн байна.

100 гаруй жилийн түүхтэй Чойжин ламын сүм музейн гадна талын гэрэлтүүлгийг шинэчилж, түүхэн барилгын архитектур, уран хийцийг оройн болон шөнийн цагаар тодотгон харуулах боломж бүрдэв.
Монголын урлагийн зөвлөлөөс санаачилсан “Бурхдыг гэрэлтүүлж, өв соёлоо хамгаалъя” төслийг “MCS Холдинг” ХХК-ийн санхүүжилтээр наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 30-ны хооронд хэрэгжүүлж, музейн гадна байрлах 270 орчим гэрлийг шинэчилж, заримыг нь шинээр суурилуулсан байна.
Италийн “iGuzzini” брэндийн соёлын өв, түүхэн дурсгалт барилга байгууламжийг гэрэлтүүлэх зориулалттай гэрлийг ашигласнаараа онцлог. Өөрөөр хэлбэл, түүхэн дурсгалт барилгын өнгө, будганд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх зарчмыг гэрэлтүүлгийн тусгалын шийдэлд ч харгалзан үзсэн байна.
Чойжин ламын сүм музей нь хоёр га талбайд байрладаг, дотоод, гадаадын жуулчдын зорин ирэх дуртай соёлын чухал өв юм. Нийслэлээс түүхэн дурсгалт барилга байгууламжийг хамгаалах, сэргээн засварлах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, Дамбадаржаалин хийдийн сэргээн засварлалтын зураг төсвийг боловсруулах, Гандантэгчэнлин хийд орчмын газрыг чөлөөлж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил үргэлжилж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





