Хоёр байршилд агаарын чанарын индекс мэдээлэх гэрэлт самбар байрлуулжээ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Жуулчны гудамж болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд агаарын чанарын мэдээллийг харуулах гэрэлт самбар байрлуулжээ.

Нийслэлийн агаарын чанарын мэдээллийг иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Жуулчны гудамж болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд агаарын чанарын индекс, бохирдуулагч бодисын үзүүлэлт болон хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг харуулах тусгай самбар суурилуулжээ.
Агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх журмыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны аравдугаар сарын 10-ны өдрийн А/387 дугаар тушаалаар баталсан. Уг журмын дагуу агаарын чанарыг индексийн тоон үзүүлэлтээр зургаан түвшинд ангилж, түвшин бүрийг өнгөөр ялган тэмдэглэдэг.
Шинээр байрлуулсан самбарууд нь агаар дахь хүхэрлэг хий, азотын давхар исэл, PM10 болон PM2.5 нарийн ширхэглэгт тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон зэрэг зургаан үндсэн бохирдуулагчийн үзүүлэлтийг мэдээлэх юм.
Эдгээрээс PM2.5 буюу 2.5 микрометрээс жижиг хэмжээтэй нарийн ширхэглэгт тоосонцор нь амьсгалын замаар уушгины гүнд нэвтрэх эрсдэлтэй тул хүний эрүүл мэндэд онцгой хөнөөлтэй бохирдуулагчдын нэг юм.
Агаарын чанарын индексийг өнгөөр ялган харуулснаар иргэд тухайн үеийн агаарын бохирдлын түвшнийг ойлгож, гадаа ажиллах, дасгал хөдөлгөөн хийх болон хүүхэд, ахмад настнуудын гадаа байх хугацааг төлөвлөхдөө ашиглах боломжтой.
Ялангуяа хүйтний улиралд агаарын бохирдол нэмэгдэх эрсдэлтэй Улаанбаатар хотын хувьд агаарын чанарын мэдээллийг олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх нь эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцоллоо.
Холбоотой мэдээ





