egov.mn
LifestyleАвтомат

Л.Дуйка: Унтаж байхад байнга шүлс гоожих нь нойрны ноцтой эмгэгийн шинж тэмдэг

Унтаж байхдаа хааяа шүлс гоожих нь амаараа амьсгалах, унтах байрлал, хамар битүүрэх зэрэг энгийн шалтгаантай байж болно.

Хуваалцах
Л.Дуйка: Унтаж байхад байнга шүлс гоожих нь нойрны ноцтой эмгэгийн шинж тэмдэг

Унтаж байхдаа шүлс гоожиж, өглөө дэр норсон байх нь олонтоо. Амаараа амьсгалах, хажуу болон доошоо харж унтах, хэт ядрах, унтахын өмнө их хэмжээний хоол идэх эсвэл согтууруулах ундаа хэрэглэх зэрэг олон шалтгаанаар ийм үзэгдэл гарч болно.

Ханиад хүрч хамар битүүрсэн үед хүн амаараа амьсгалах шаардлагатай болдог бөгөөд салс, шүлсний ялгаралт ч нэмэгдэж болно. Ходоодны хүчил сөргөө, шүд хавирах, шүд болон эрүүний байрлалын зарим асуудал ч унтаж байх үед амаа бүрэн хаахад саад болж, шүлс гадагшлахад хүргэдэг.

Харин шүлс гоожих нь шөнө бүр давтагдаж, дэр норох хэмжээнд хүрсэн эсвэл өмнө нь байгаагүй шинж тэмдэг гэнэт илэрсэн бол шалтгааныг тодруулах шаардлагатайг эмч нар анхаарууллаа.

АНУ-ын Чикаго дахь “Northwestern University”-ийн чих, хамар, хоолойн эмч, клиникийн туслах профессор Лэндон Дуйка CNN-д өгсөн ярилцлагадаа хүн бүр тодорхой нөхцөлд унтаж байхдаа шүлс гоожуулж болох ч байнгын шинж тэмдэг болсон тохиолдолд эмчид хандах хэрэгтэйг тайлбарлав.

Түүний хэлснээр шүлс ихээр гоожих нь зарим тохиолдолд нойрны ноцтой эмгэг, тэр дундаа нойрны апноэтэй холбоотой байж болно. Обструктив нойрны апноэ буюу OSA нь унтаж байх үед амьсгалын зам түр нарийсч эсвэл хаагдсанаар амьсгал олон удаа тасалдах эмгэг юм. АНУ-д ойролцоогоор 25-30 сая хүн уг эмгэгтэй гэсэн тооцоо бий.

Амьсгал давтан тасалдах үед зарим хүн хангалттай агаар авахын тулд хамраас илүү амаараа амьсгалдаг. Амаа ангайж унтах үед шүлс хуримтлагдан гадагшлах боломж нэмэгддэг.

Нойрны апноэг эмчлэх түгээмэл арга нь CPAP төхөөрөмж ба уг төхөөрөмж унтаж байх үед маскаар дамжуулан тогтмол агаар өгч, амьсгалын зам нарийсахаас сэргийлдэг ажээ.

Эмчлээгүй нойрны апноэ нь өдрийн нойрмоглол, анхаарал төвлөрөл сулрахтай холбоотойгоос гадна цусны даралт ихсэх, зүрхний шигдээс болон харвалтын эрсдэл нэмэгдэхтэй холбоотой гэж судалгаануудад тэмдэглэдэг байна.

Лэндон Дуйкагийн тайлбарласнаар шөнийн цагаар шинээр, тогтмол шүлс гоожих нь ховор тохиолдолд Паркинсоны өвчин зэрэг мэдрэлийн тогтолцооны эмгэгийн эрт үеийн шинж тэмдгийн нэг байж болно.

Паркинсоны өвчтэй хүмүүсийн дунд залгих үйл ажиллагаа алдагдах буюу дисфаги түгээмэл тохиолддог. Булчингийн хөдөлгөөн, зохицуулалт суларснаар шүлсээ хэвийн залгих чадвар буурч, аманд хуримтлагдсан шүлс гадагшлах боломж нэмэгддэг.

Гэхдээ зөвхөн унтаж байхдаа шүлс гоожиж байгаагаар Паркинсоны өвчин эсвэл нойрны апноэг оношлох боломжгүй. Шүлс гоожих нь тогтмол болсон, шинээр эхэлсэн эсвэл хурхирах, амьсгал тасалдах, залгихад хүндрэлтэй болох зэрэг бусад шинж тэмдэг хавсарсан бол нойрны эмч эсвэл чих, хамар, хоолойн эмчид хандаж, шаардлагатай шинжилгээ хийлгэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Тэтгэвэрт гарсны дараа жаргалтай амьдрах нь мөнгөнөөс л шалтгаалах уу?
Lifestyle

Тэтгэвэрт гарсны дараа жаргалтай амьдрах нь мөнгөнөөс л шалтгаалах уу?

Тэтгэвэр гарсны дараах сэтгэл ханамжийг зөвхөн хуримтлалын хэмжээгээр бус, амьдралын хэв маяг, зорилго, харилцааны чанараар тодорхойлдог гэж санхүүгийн зөвлөх онцолжээ.

3 мин унших
Тэтгэвэрт гарахдаа аз жаргалтай байх нь хуримтлалаас гадна зорилго, харилцаанаас ихээхэн шалтгаалдаг гэж зөвлөв
Lifestyle

Тэтгэвэрт гарахдаа аз жаргалтай байх нь хуримтлалаас гадна зорилго, харилцаанаас ихээхэн шалтгаалдаг гэж зөвлөв

Тэтгэврийн аз жаргалыг зөвхөн хуримтлалаар хэмжихгүй байхыг зөвлөхүүд залуу үед анхааруулж байна. Capital Investment Advisors-ийн түнш Вэс Мосс 4 хувийн дүрмийг санал болгож, дор хаяж 1 сая ам.

3 мин унших