Хямдралтай бараа худалдан авах шийдвэрийн 95% нь логик бус, сэтгэл хөдлөлд суурилдаг
Худалдан авах шийдвэрийн 95 хувийг далд ухамсар, сэтгэл хөдлөл удирддаг бол ердөө 5 хувь нь логик тооцоололд суурилдгийг Харвардын Бизнесийн сургуулийн судалгаа харуулжээ.

Хямдрал, урамшууллын үед хэрэглэгчид төлөвлөөгүй бараа худалдан авах нь бодит хэрэгцээнээс илүүтэй сэтгэл зүй, тархины үйл ажиллагааны хариу урвалаас шууд хамаардаг байна. Хэрэглэгчийн зан төлөвийн судалгаануудаас харахад хүмүүс хямдралтай бараа авахдаа хэдэн төгрөг зарцуулж байгаагаа бус, харин хэдий хэмжээний мөнгө "хэмнэж" байгаагаа илүүтэй тооцож сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргадаг аж.
Харвардын Бизнесийн сургуулийн профессор Жералд Залтманы судалгаагаар худалдан авах шийдвэрийн 95 хувь нь хүний далд ухамсар буюу сэтгэл хөдлөлийн түвшинд явагддаг бол ердөө 5 хувь нь логик шинжилгээнд суурилдаг байна. Түүнчлэн 2023 онд 2,000 гаруй хэрэглэгчийг хамруулсан судалгаагаар худалдан авалтын сонголтын 86 хувь нь стрессээ бууруулах, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх зэрэг сэтгэл хөдлөлийн хэрэгцээнээс хамаардаг нь тогтоогджээ.
Тархины хариу урвал ба боломж алдах айдас
Тархи судлалын үүднээс авч үзвэл, хямдралын зар харах үед хүний тархинд таашаал, хүлээлтийн допамин даавар ялгарч, автономит мэдрэлийн систем идэвхэждэг байна. Үүний нөлөөгөөр хүн боломжийг алдах вий гэсэн айдсаас (FOMO) болж өрсөлдөөнт горимд шилждэг аж. Ингэснээр хэрэглэгч мөнгө үрж буйгаа анзаарах бус, харин ямар нэг зүйлд "ялалт байгуулж" байгаа мэт түр зуурын сэтгэл ханамжийг авдаг талаар "Carpathia Health" болон "Whistl"-ийн мэдээлэлд дурджээ.
Сэтгэл зүйчдийн тайлбар ба зөвлөмж
Нобелийн шагналт сэтгэл зүйч Даниэл Канеман хүний оюун ухааныг хурдан бөгөөд сэтгэл хөдлөлд тулгуурладаг "Систем 1", удаан бөгөөд логик шинжилгээ хийдэг "Систем 2" хэмээн ангилсан байдаг. Тэрбээр ихэнх шийдвэрийг логик ухаан ажиллаж эхлэхээс өмнө сэтгэл хөдлөл гаргачихдаг болохыг тайлбарлажээ. Мөн хямдралтай худалдааны сэтгэл зүйг судалсан доктор Жу хэрэглэгчийн шийдвэрийг бодит ашиг тус бус, гэнэтийн хүсэл тэмүүлэл удирддаг бөгөөд энэ нь хэрэглэгчид тэр бүр ашигтай тусдаггүйг анхааруулсан байна.
Сэтгэл зүйчдийн тайлбарласнаар хүн уйдах, түгших, ганцаардах үедээ сэтгэл санаагаа түр зуур өргөх зорилгоор хямдралтай бараа худалдан авах хандлагатай байдаг. Тиймээс шаардлагагүй зардал гаргахаас сэргийлж, худалдан авалт хийхийн өмнө тухайн зүйлийг бодит хэрэгцээнээсээ болж авч байна уу, эсвэл түр зуурын сэтгэл хөдлөлөө дарахыг оролдож байна уу гэдгээ өөрөөсөө асууж хэвшихийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





