Нийслэл дэх вьетнам авто засварын газруудыг шалгаж байна
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй вьетнам авто засварын газруудын стандарт, зөвшөөрөл, ажилтнуудын бүртгэл болон оршин суух нөхцөлийг шалгаж эхэлжээ.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй вьетнам авто засварын газруудад стандарт, үйл ажиллагааны зөвшөөрөл, ажилтнуудын бүртгэл болон оршин суух нөхцөлийг шалгах хамтарсан ажиллагаа эхэлжээ.
Шалгалтыг Нийтийн тээврийн бодлогын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн байгаль орчны газар болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байна.
Хяналт шалгалтаар авто засварын газрууд үйлчилгээ эрхлэх ангиллын гэрчилгээтэй эсэх, үйл ажиллагаа нь холбогдох стандартын шаардлагад нийцэж байгаа үгүйг нягталж байна. Мөн ажилтнуудын бүртгэл, оршин суух хугацаа болон бүртгэлтэй хаягийн мэдээллийг шалгаж байна.
Одоогийн байдлаар зарим засварын газар стандартын шаардлага хангаагүй, шаардлагатай зөвшөөрөл, гэрчилгээгүй үйл ажиллагаа явуулсан, мөн оршин суух хугацаа хэтэрсэн ажилтантай холбоотой зөрчил илэрчээ.
Оршин суух хугацаа хэтэрсэн иргэдийн асуудлыг холбогдох байгууллагад шилжүүлжээ Шалгалтаар Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтэрсэн Вьетнамын иргэдийн асуудлыг цагдаагийн байгууллага болон Гадаадын иргэн, харьяатын газарт шилжүүлэхээр болжээ.
Ингэснээр тухайн иргэдийн оршин суух эрх, бүртгэлийн зөрчлийг эрх бүхий байгууллагаар шалгуулж, хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх юм.
Татварын албаны 2021 оны бүртгэлээр Вьетнамын иргэдтэй холбоотой авто засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 52 байгууллага бүртгэгдсэн байдаг. Тухайн үед авто үйлчилгээ эрхлэх гэрчилгээтэй холбоотой зөрчил нийтлэг илэрч байжээ. Хамтарсан шалгалтын өөр нэг чиглэл нь авто засварын газруудын үйл ажиллагаанаас үүдэлтэй орчны бохирдол, байгаль орчны шаардлагын хэрэгжилтийг нягтлахад чиглэжээ. Нийслэлийн байгаль орчны газар холбогдох байгууллагуудтай хамтран зөрчил илэрсэн газруудад шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





